Манай улсын аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл энэ оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 5.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 55 хувь буюу 1.9 их наяд төгрөгөөр нэмэгдлээ.
Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбар 68 хувь буюу 1.8 их наяд, цахилгаан хий, уур агааржуулалтын салбар 34.3 хувь буюу 95.3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Уул уурхай олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 4.4 их наяд төгрөг болоход металлын хүдэр олборлолтын салбар 2.2 дахин их буюу 1.4 их наяд, чулуун,хүрэн нүүрс олборлолтын салбар 29.9 хувь буюу 396.4 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Энэ салбарт төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, чулуун нүүрс, төмрийн хүдрийн биет хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 3.5 хувиас 2.3 дахин өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, хайлуур жонш, хүрэн нүүрс, хайлуур жонш, мөнгө, цайрын баяжмал 2.5-89.1 хувиар багассан байна.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс, металл бэлдэц, шохой, ноолууран сүлжмэл эдлэл, самнасан ноолуур, цемент зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 1.8 хувиас 4.2 дахин өсөж, харин цагаан архи, шингэн сүү, гурил, цэвэр спирт, катодын зэс, янжуур тамхи, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.5-60.4 хувиар багаслаа.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өнгөрсөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 4.6 (2.4 дахин) их наяд төгрөгөөр нэмэгдэв. Үүнд уул уурхайн салбарын борлуулалт 4.4 (2.8 дахин) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Гадаад зах зээлд өнгөрсөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 6.4 их наяд төгрөгийн борлуулалт хийсний 6.3 их наяд нь уул уурхай, олборлох салбарынх байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний гадаад борлуулалтын 26.5 хувийг нүүрс, 71.7 хувийг металлын хүдэр, 0.9 хувийг газрын тос, 0.9 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбар эзэлж байв.
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс (улирлын нөлөөллийг арилгасан тооцоо) энэ оны нэгдүгээр сард 194.1 (2015=100) болж, өмнөх оны мөн үеийнхээс 26.5 хувиар багасжээ.




