Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлд машин бүрийг хамруулж үндэслэлгүй төлбөр авч байгаа талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас мэдээллээ. Тодруулбал, иргэдээс гомдол, мэдээлэл ирсний дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шалгалт хийсэн байна. Улмаар нийслэл хот руу орж ирж буй тээврийн хэрэгсэл нэг бүрийг ариутгалд хамруулж, 1000 төгрөгийн төлбөр авч байгааг зогсоох хэрэгтэйг анхаарууллаа.
Учир нь тус халдваргүйтгэл хууль зүйн үндэслэлгүй тул Мал эмнэлгийн ерөнхий газрын даргад урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлд зөвхөн мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг хамруулах, тогтоосон нормативын дагуу төлбөр хураамжийг тогтоох, төлбөрт хурааж буй мөнгөн орлогод тавьж буй хяналтыг сайжруулах талаар Улсын ерөнхий байцаагчийн зөвлөмж хүргүүлжээ.
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2022 оны А/113 дугаар тушаалд “Урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлд зөвхөн мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг батлагдсан зааврын дагуу халдваргүйтгэлд бүрэн хамруулж ажиллана” гэж заасан байдаг аж.