Хүүхэд, өсвөр насныхныг цахим орчинд хамгаалах зорилгоор цахим дээрэлхэлттэй тэмцэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Европын Комиссоос танилцуулжээ. Энэхүү төлөвлөгөө нь хүүхэд, залуусын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн байна.
“Хүүхэд, залуус интернэтийг ашиглаж байх үедээ аюулгүй байх эрхтэй. Цахим орчин дахь дарамт, дээрэлхэлт нь тэдэнд өвдөлт, ганцаардал, доромжлолыг мэдрүүлдэг. Нэг ч хүүхэд ийм мэдрэмжийг мэдрэх ёсгүй. Энэхүү төлөвлөгөө нь хүүхдүүдийг интернэтэд хамгаалах одоо байгаа арга хэрэгслүүдийг нэмэгдүүлнэ” гэж Европын Комиссын дэд ерөнхийлөгч Хенна Вирккунен мэдэгдсэн байна.
Уг төлөвлөгөөний үндсэн гол хэсэг нь цахим дарамтад өртсөн хүүхдүүдэд тусламж үзүүлэх аппликейшн юм. Эл үйлчилгээний төслийг Европын Комисс боловсруулж байгаа бөгөөд Европын Холбооны гишүүн орнууд өөрийн үндэсний үйлчилгээнд ашиглах боломжтой байна.
Тус комисс мөн насанд хүрээгүй хүүхдүүдийг хамгаалахын тулд Дижитал үйлчилгээний тухай хуулийн удирдамжийг дахин хянаж, хүүхдүүдийг хортой контентод хандахаас урьдчилан сэргийлэх, ийм контетуудын талаар мэдэгдэх зэрэг цахим платформууд авах ёстой арга хэмжээг эрчимжүүлэхээр ажиллаж байгааг Хенна Вирккунен дурджээ.




