Хотын дарга Д.Сумъяабазар, “Энигма” компанийн удирдлага, Богд уулын Даяанчийн амыг тохижуулах “Креатив-100” ТББ-ын архитектор, дизайнерууд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр Дугуй цагаан буюу "Богд хаан" амралтын газрын захирал Л.Мөнхбат байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Богд хаан" жуулчны бааз өмч хөрөнгөө эвдүүлсэндээ харамсаж байна. Бидний зогсож буй энэ ам Даяанчийн ам гэдэг нэртэй, эртнээс авшигтай газар. Оюун санаагаа төвлөрүүлэх гэж энд ирдэг байжээ.
Бид энд эрдэм шинжилгээ, судалгааны аялал жуулчлал хөгжүүлэхээр ажилласан ч зөвшөөрөл өгдөггүй. Бид энэ газрыг 2017 онд авсан. Энэ газрыг биднээс авахын тулд намайг Бээжинд хар тамхи татсан хэргээр баригдлаа гэх мэтээр гүтгэж байсанд би их харамсдаг. Би 18 наснаасаа Орос, Хятад, Солонгост бизнес хийсэн. Хүний нутагт зодуулсан, дээрэмдүүлсэн, буу тулгуулсан удаа ч бий.
Манай компанийн ард ямар ч улс төрч байхгүй. Бидний хийж бүтээж буй бүхэн Монголын өмч болно, би үхлээ гэхэд өөр хүнд үлдэнэ. Энд 20-иод хүн ажиллаж байсан. Хот бидний алдагдлыг шийдэж өгнө гэж бодож байна. Өнөөдөр хотын дарга дуудсанд баярлаж байна. Бид шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Шүүхийн шийдвэр гараагүй тул энэ талаар хамаагүй ярьж болохгүй байна. Хохирлын хэмжээг хөндлөнгийн аудит тогтооно. Манай таван ажилтны амьдарч байсан байрыг нураасан. Тэд хувцсаа ч авч чадаагүй тул бид хохирлыг барагдуулна. Зун энд 70-80 хүн ажилладаг байсан" гэв.
Дархан цаазат Богдхан уулын аманд баригдсан дугуй цагаан гэрүүдийг өнгөрсөн сарын 30-нд албадан буулгасан. Уг ажлыг Богд хаан амралтын газраас эсэргүүцэж, хувийн өмчид зөвшөөрөлгүй халдсан хэмээн, хуулийн байгууллагад хандаад байгаа юм.