Богд уулын Даяанчийн амыг тохижуулах ажил удахгүй эхэлнэ. Тус бүсийн тохижилтын ажлын тендерт "Креатив 100" ТББ шалгарчээ.
Энд тоглоомын болон чийрэгжүүлэлтийн талбайнууд, хоёр гүүр, хоолны цэгүүд, нийтийн бие засах газар (үүдний хэсэгт байрлана), алхалтын жим, задгай театр, таван амрах өртөө байгуулах юм байна. Ингэхдээ байгалийн тогтцыг алдагдуулахгүй, дандаа модон материал ашиглах ажээ.
Энэ ам тусгай хамгаалалттай газар тул уул руу өгсөх хэсэгт ямар ч тохижилт хийхгүй, 1.9 тэрбум төгрөгөөр засах юм байна.
Дархан цаазат газарт барилга барьж болохгүй тул үүдний хэсэгт хоолны газрууд, бие засах газар, хогийн цэг байрлах аж. Бетонон барилга байгуулахгүй юм байна.
Дээрх ТББ-ын тухайд 2019 онд байгуулагдсан бөгөөд ковидын хоёр жилд завсарлаад, 2022 оноос үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Өөрөөр хэлбэл, ямар ч ажлын түүх, бүтээн байгуулалтын туршлагагүй хуулийн этгээд шалгарчээ.
Харин хувийн өмчийг урьдчилж мэдэгдэлгүйгээр нураасан хэмээж, хотын даргын шийдвэрийг эсэргүүцэж буй "Богд хаан" жуулчны газрын захирал "Энигма" компани, МҮИС-ийн ТУЗ-ийн дарга Л.Мөнхбат хохирлоо төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэлээ гаргаад байгаа юм.