ОХУ-ын цэргийн тагнуулын албаны генералыг гурван удаа буудаж шархдуулсан хэрэг баасан гарагт гарсан. Уг халдлагыг үйлдсэн этгээдийг Дубайгаас Москвад шилжүүлэн авчирсан гэж холбогдох албаныхан мэдээллээ. 60 настай Любомир Корба нь Украинд төрсөн Оросын иргэншилтэй. Түүнийг Украины тагнуулын даалгавраар уг халдлагыг үйлдсэн гэж үзэж байгаагаа Оросын эрх баригчид мэдээлжээ.
Харин Киевээс уг хэрэгт оролцоогүй хэмээн дээрх мэдэгдлийг няцаасан байна.
Мөн түүнтэй хамсаатан болох хоёр этгээдийг тогтоосон бөгөөд нэгийг нь Москвад баривчилсан бол нөгөө нь Украин руу зугтжээ.Буудуулсан генерал одоо эмнэлэгт байгаа бөгөөд гэр бүлийнхнийх нь мэдээлснээр ухаан орж, ярьж эхэлсэн гэв. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин сэжигтнийг баривчлахад дэмжлэг үзүүлсэнд Арабын Нэгдсэн Эмират Улсын удирдагч Шейх Мохамед бин Зайед Аль Нахьяанд талархал илэрхийлсэн байна.
Гэхдээ АНЭУ сэжигтнийг хэрхэн баривчилсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байгаа юм.




