АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт Ираныг цөмийн зэвсгийн асуудлаар хэлэлцээний ширээнд яаралтай суухыг уриаллаа. Эс бөгөөс АНУ-ын дараагийн довтолгоо өмнөхөөсөө илүү өргөн хүрээнд явагдах болно гэдгийг анхааруулав.
Тэрбээр "Иран аль болох хурдан хэлэлцээний ширээнд сууж, шударга, тэнцвэртэй гэрээ байгуулаасай гэж би найдаж байна.
Тэд цөмийн зэвсэггүй байх ёстой бөгөөд энэ нь бүх талд ашигтай хэлэлцээр. Цаг дуусаж байна" хэмээн цахим сүлжээндээ бичжээ. Трамп АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин Ираны ойролцоо дөхөж очсоныг мөн мэдэгдсэн.
Өнгөрсөн оны зургаадугаар сард АНУ Иранд цохилт өгсөн бөгөөд Трамп өмнөх довтолгоо гэдгээр үүнийг сануулж байгаа аж.
АНУ-аас ямар нэгэн цэргийн ажиллагаа явуулбал Ираны талаас АНУ, Израил болон тэдний холбоотнуудыг онилон цохилт өгнө гэж Ираны Дээд удирдагч Аятолла Али Хаменейгийн зөвлөх мэдэгдээд буй. Ираны Гадаад хэргийн сайд ч зэвсэгт хүчин нь бэлэн байдалд байгаа бөгөөд аливаа түрэмгийлэлд нэн даруй хариу өгнө гэдгийг анхааруулжээ.
Тус улсын цөмийн хөтөлбөр энх тайван зарчмаар явагдаж буй бөгөөд АНУ болон түүний холбоотнуудын мэдээлж буй "Иран цөмийн зэвсэг үйлдвэрлэхээр зэхэж байна" гэх мэдээллийг үгүйсгээд байгаа юм.
Эх сурвалж: Reuters




