УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Засгийн газраас 2020 оны тавдугаар сарын 4-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг УИХ 2022 оны тавдугаар сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцээд, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн билээ.
Ажлын хэсгээс төслийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийг “Үндэсний их баяр наадам болон Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулахаас бусад үндэсний бөхийн барилдаан, үндэсний хурдан морины уралдаан, сурын болон шагайн харваатай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.” гэж өөрчлөн найруулах, төслийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтыг ”Үндэсний их баяр наадам” гэж Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг бэлгэдсэн үндэсний уламжлалт баярыг” гэж,өөрчлөн найруулахаар саналын томьёолол боловсруулжээ.
Мөн 5 дугаар зүйлийн 5.9, 5.10 дахь хэсгийг нэгтгэн “Улс, аймаг, сумын баяр наадмаар үндэсний бөхийн барилдаан, үндэсний сурын болон шагайн харваа, үндэсний хурдан морины уралдааныг явуулна.” гэж найруулахаар тусгасан байна.
Түүнчлэн энэ хуулийн бөх, сурын харваачаас допингийн шинжилгээ хийх арга хэмжээг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага зохион байгуулахаар, бөх болон сурын харваач допингийн төрлийн бодис хэрэглэсэн бол Үндэсний их баяр наадамд бөхийн барилдах, сурын харваачийн харвах эрхийг энэ хуульд заасны дагуу хасах, 2025 оны тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл цэвэр цусны азаргыг Монгол Улсад импортлохыг хориглох, Монгол үүлдрийн адууны стандартыг шинэчлэн боловсруулж, батлуулах хүртэл хугацаанд үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд уралдах морийг уралдуулахдаа энэ хуулийн 15.1.1-д заасны дагуу Засгийн газраас баталсан дүрмээр зохицуулах зэрэг саналын томьёоллуудыг танилцуулжээ.
Улмаар Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон юм.