Саудын Арабын Олимп, Паралимпын хороо болон Азийн Олимпын зөвлөл Азийн өвлийн наадмыг цаашид зохион байгуулах шинэчилсэн төлөвлөгөөний талаар тохиролцож, 2029 оны тэмцээнийг хойшлуулах болсон байна. Мөн зохион байгуулах шинэ товыг хожим зарлахаар болсон тухай Азийн Олимпын зөвлөл мэдээлэв. Энэхүү шийдвэр нь байгууллага хооронд хийсэн өргөн хүрээтэй хэлэлцүүлгийн үр дүн бөгөөд Саудын Араб болон баруун Азийн бүс нутагт өвлийн спортыг урт хугацаанд, тогтвортой хөгжүүлэх нийтлэг зорилгыг илэрхийлж байна гэж тайлбарлав.
Шинэчилсэн төлөвлөгөөний дагуу Саудын Араб ойрын жилүүдэд өвлийн спортын бие даасан хэд хэдэн тэмцээнийг зохион байгуулна.
Эдгээр тэмцээн нь өвлийн спортыг сурталчлах, оролцоог нэмэгдүүлэх, тамирчин, дасгалжуулагч, шүүгч зэрэг мэргэжилтнүүдийг бэлтгэхэд чиглэсэн байна. Мөн Азийн өвлийн дараа дараагийн тэмцээнүүдэд бүс нутгийн төлөөллийг хангахад бэлтгэх нэмэлт хугацаа олгох зорилготой юм.
Азийн Олимпын зөвлөл Саудын Арабын өвлийн спортын цогц, тогтвортой хөтөлбөрүүдийг хөгжүүлэхэд гаргаж буй хүчин чармайлтыг сайшааж, энэхүү тохиролцоо нь баруун Азид өвлийн спортын төрөл зүйлүүдийг шат дараатай, зохион байгуулалттайгаар хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, зөвлөлийн тивийн хэмжээнд баримталж буй зорилттой нийцэж байна гэж онцоллоо. Саудын Араб нь үндэсний хөгжлийн өргөн хүрээний бодлогынхоо хүрээнд өвлийн спортыг оролцуулан бүх төрлийн спортыг хөгжүүлэх амлалтаа дахин нотолж, тамирчдын хөгжлийн тогтолцоонд хөрөнгө оруулах, дэд бүтцийг сайжруулах, олон улсын стандартад нийцсэн мөсөн спортын тэмцээнүүдийг зохион байгуулах ажлыг үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдэв.




