Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. Мөн тэрбээр Хөгжлийн банктай холбоотой мэдээлэл, өрийг хэрхэн эрчимтэй барагдуулах асуудлаар онцолсон юм.
Тэрбээр " Өчигдрийн байдлаар Хөгжлийн банкны чанаргүй зээлээс нийтдээ 165 тэрбум төгрөгийн өр төлөгдсөн байна.
Хөгжлийн банк цаашдаа хэвийн үйл ажиллагаагаа явуулахын тулд чанаргүй зээлээ яаралтай төлүүлэх асуудалтай тулгарсан. 2023 онд хоёр бондын мөнгө төлөгдөх ёстой. Төгрөгөөр бол 1.5 их наяд. Нөгөөх нь 725 тэрбум төгрөг. Энэ хоёр бондоос Самура бондын өрийг онцгой анхаарах ёстой. Энэ нь Засгийн газрын баталгаатай. Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлүүлж чадахгүй бол энэ өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх эрсдэл байна. Тиймээс Хөгжлийн банкны чанаргүй зээлийг эргэн төлүүлэх асуудалд шуурхайлан орсон. Хууль хүчний байгууллагуудын оролцоо маш чухал байна. Шүүхийн шийдвэр гарсан зээл дээр АТГ, ЦЕГ, прокурорын оролцоо, хамтын ажиллагаа нэн шаардлагатай. Тиймээс ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан, хүчний байгууллагуудын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргасан" гэлээ.