Тун удахгүй шинэ он ирнэ. Гарна ч гэж ярих нь бий. Он солигдох дөхөх тусам хүн гээч бүхэл бүтэн 365 хоногт чухам юу хийснээ эргэцүүлж, алдаа оноогоо дүгнэн, амжилтаа бататган, айлчилж буй ондоо амжилт бүтээл дүүрэн байхыг хүсдэг. Улстөрчид ч бас ухаан сууж, улс төр тогтворжин улс орон минь хөгжин цэцэглэх болтугай. Өнгөрч буй 2025 он шиг холион бантан, системийн гажуудал алсрах болтугай.
Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн санал гаргаснаар шинэ 30 жилийг эхлүүлэх шинэ Засгийн газар байгуулагдаж, “ажил” эхэлсэн үе. Засгийн газар 2025 оны хоёр дахь өдөр хуралдаж, 14 мега төсөл болон бусад томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”, ОХУ-аас БНХАУ руу Монголын газар нутгаар дамжин өнгөрөх байгалийн хий дамжуулах хоолой, “Петрочайна дачин тамсаг” компанитай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээ, Хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр зам, ”Зөөвч овоо”, Тавантолгойн дулааны цахилгаан станц, Говийн бүс нутгийг усжуулах , “Атрын IV аян”, “Шинэ Хархорум” хот зэрэг төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд анхаарч үр дүн гаргаж ажиллахыг үүрэг болгож байв.
Гэвч биелсэнгүй. Л.Оюун-Эрдэнэ шинэ 30 жилийг хуучин сайдуудтайгаа эхлүүлсний эхэнд буюу цагаан сарын үеэс л МАН-д эрх мэдлийн тулаан зарлаж орхисон. Энгийнчилбэл MCS-ийн үгэнд орж, шийдвэр гаргахгүй гэдгээ ил цагаан зарласан. Энэ улсын бодлого боловсруулагч, эрх мэдлийн сандал суудалд суугсадыг атгасан MCS-тэй зарласан дайн МАН дахь үе хоорондын тэмцэлийг хурцатгаж орхисон. Сөргөлдөөн нь тулаан болтлоо өргөжсөн.Үр дүнд нь Л.Оюун-Эрдэнэ, бэр охины тансаг хэрэглээ гэх шалихгүй шалтгаар албаа өгч, Огцрох амархан жагсаалын өмнө өвдөг шороодсон.
Ялагчгүй тулаан яаж байж болох билээ. Тулаан үргэлжилж, Г.Занданшатар нууц ноёнтны хүчээр түрэмгийлэн Засгийн эрхийг авсан. Булаагдсан юм бол огт биш. Зарчимгүйтэл дарангуйллыг, шуудхан хэлэхэд MCS гэх мөнгөний асар том машины ард суугаа ноёнтон гарч ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үгнээс гарсныхаа горыг МАН-ын залуус хүртсэн. Ирэх жилүүдэд ч хүртэх нь тодорхой. Эргэж ирэх боломжгүй болсон Л.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнийн эрх ордонд камерын өмнө харагдах эрхгүй болтлоо дордсон. Мэдээж, но бий, тэдэнд. Гэхдээ яг одоо төрийн эрх барьж буй нөхдөөс бага. Гэвч эрх мэдэлтэй нь давуу эрх эдэлдэг хүн төрхтний зарчмаар тэд дуугүй байхгүй бол шоронд орох эрсдэлтэй улаан халз тулсан. Эргэж ирэхгүйгээр их улс төрөөс ангижрахаас өөр гарц тэдэнд үгүй.
Ийнхүү МАН-ын тулаан дунд үеийнхний ялалтаар өндөрлөж, АН -ын даргаар МАН-ын үгнээс үл гарах О.Цогтгэрэл сонгогдсон нь буцаж буй оны улс төр дэхь онлох үйл явдлын нэг байлаа. Ирэх жил Д.Амарбаясгалангийн оронд УИХ-ын дарга болсон Н.Учралын жил хэлнэ. Тодруулбал, эдийн засгийн хувьд эмзэг болсон бурууг энэ Засгийн газрын Сангийн сайд Б.Жавхлан үүрнэ. Хүссэн эс хүссэн ч...
Эдийн засгийн хувьд олон улсаас зээлжих зэрэглэл сайжирсан гэх үнэлгээг авсан учраас Г.Занданшатарын Засгийн газар 2026 оны эхний хагас жилд багтаан бонд гаргана. Мэдээж АН-ын даргаар О.Цогтгэрэлийг тавьсны тохироог биелүүлж, Г.Занданшатар ажлаа өгч, Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэх нь гарцаагүй. Орыг нь Н.Учрал эзэгнэнэ. Өөрөөр хэлбэл ирэх жилүүдэд болох Ерөнхийлөгчийн болон УИХ-ыг сонгуулийг тэр удирдана. Н.Учрал Ерөнхий сайд, намын дарга болно. Тэр Д.Амарбаясгалан шиг стратегийн тоглогч байж чадах эсэхээс хамаарч, их улс төрийн өнгө төрх тодоройлогдох нь гэсэн үг л дээ.




