Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, Тендерийн хууль зөрчиж, шууд худалдан авалт хийсэн, үр ашиггүй худалдан авалт хийж их хэмжээний хөрөнгө үнэгүйдүүлсэн, орон тоо хэтрүүлж зардлаа нэмэгдүүлж алдагдал хүлээсэн зэрэг ноцтой шалтгаануудын улмаас “МИАТ” ТӨХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “ДЦС-4” ТӨХК-ийн удирдлагуудад хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөллөө.
Дээрх компаниудад хийсэн хяналт шалгалтаар “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК нь хууль зөрчиж 5.3 тэрбум төгрөгийн шууд худалдан авалт хийсэн зөрчил илэрсэн бол ДЦС4 ТӨХК ийн тухайд 1.8 тэрбум төгрөгийн бараа материал үр ашиггүй худалдан авалт, хадгалалтын горим алдагдсанаас үнэ цэнээ алджээ.
Харин “МИАТ” ТӨХК-ийн тухайд энэ оны эхнйи есөн сарын байдлаар алдагдлын хэмжээ нь 9.6 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд орон тоо хэтрүүлсний улмаас зардал өссөн нь их хэмжээний алдагдал хүлээх гол шалтгаан болсон нь шалгалтаар илэрсэн байна. Улмаар илтэд хууль зөрчсөн, улсад хохирол учруулсан худалдан авалттай холбоотой үйлдлүүдийг хуулийн байгууллагад өгч шалгуулахаар тогтоод байна.




