Украин, АНУ-ын төлөөлөгчид Швейцарын Женев хотод хэлэлцээ хийх үеэрээ Украинд энх тайвныг тогтоох талаар шинэчилсэн “суурь баримт бичиг” боловсруулсан тухай хоёр улсын албаны хүмүүс 11 дүгээр сарын 24-ний даваа гарагт шилжих шөнө мэдэгджээ. Хоёр талын хамтарсан мэдэгдлийг Цагаан ордны болон Украины Ерөнхийлөгчийн цахим хуудсуудад нийтэлсэн байна. Хоёр тал зөвлөлдөх уулзалтыг үр өгөөжтэй болсон хэмээн онцолсон байна. “Ирээдүйд байгуулах аливаа хэлэлцээрт Украины бүрэн эрх байдлыг хүндэтгэж, бат бөх, шударга энх тайван тогтоох ёстой гэдгийг талууд дахин мэдэгдлээ” гэж мэдэгдэлд дурдсан байна.
Харин уг баримт бичгийг одоогоор нийтлээгүй байна.
Хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, хоёр тал "ойрын өдрүүдэд" уг баримт бичиг дээр эрчимтэй ажиллаж, Европын түншүүдтэйгээ нягт хамтран ажиллахаар тохиролцсон байна.




