Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан Баяр наадмыг зохион байгуулах комиссын ажлын хэсэг өнөөдөр /2022.06.15/ хуралджээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар Соёлын сайд Ч.Номин мэдээлэл өглөө.
Тэрбээр "Энэ жилийн баяр наадмын онцлог нь төрийн хүндэтгэлийн тоглолтыг ард түмэнд илүү ойртуулах үүднээс Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Баяр наадмыг зохион байгуулахад шаардлагатай төсөв хөрөнгийг өгөөгүй байгаа талаарх мэдээллийг нэгэн уран бүтээлч гаргасан. Түүнээс найруулагч болон продюсер зэрэг гол уран бүтээлчид ийм мэдээлэл гаргахгүй. Ямарваа нэгэн уран бүтээлд оролцоогүй уран бүтээлчид дур мэдэн ийм мэдээлэл гаргасан. Иргэдэд буруу ташаа мэдээлэл өгсөн нь харамсалтай байна.
Уран бүтээлч, продюсерүүд төлөвлөгөө гаргаад түүнийхээ дагуу гэрээ байгуулж төсөв, хөрөнгөө аваад явж байгаа. Өнөөдрийн байдлаар нэг тэрбум төгрөгийг шилжүүлээд байна. Баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай хуулиар нийслэл дээр бүх төсөв төвлөрдөг.
Энэ жил 2.3 тэрбумаар наадмыг тэмдэглэнэ. Соёлын яамнаас уг төсвийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна" гэв.