Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 2, 22.5 дугаар зүйлийн 1, 3, 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Баасанцогт нарын нэр бүхий дөрвөн яллагдагчид холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 11.00 цагт товлогдсон.
Улмаар шүүх хурал товлосон өдрөө эхэлж, хэлэлцүүлгийн үеэр зарим өмгөөлөгчдөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.11 дэх заалтад заасан үндэслэлээр даргалагч шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан байна.
Шүүгчийн татгалзлыг хуульд зааснаар тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэх тул шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулав гэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ.
Б.Баасанцогтын хувьд нэр бүхий шүүгчдийн хамт биеэ үнэлэгч авсан бичлэг нь цацагдсан скандалд холбогдоод төд удалгүй лифтэнд зүй бус үйлдэл хийж буй хоёр дахь бичлэг цацагдаж, улмаар түүнтэй холбоотой хэргүүд ил болсон юм.