Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн өнгөрсөн баасан гарагт /2022.06.10/ болсон VII хуралдааны үеэр тус аймгийн удирдлагууд 2012 оны "Ланд-200" маркийн автомашиныг нэг сая төгрөгөөр хувьчилсан асуудал сөхөгдсөн. Түүнчлэн 20 тонны контейнерыг хүртэл 500 мянга, 40 тонны контейнерыг 1 сая төгрөгөөр тус тус зарсан асуудал ч яригдаж, нийгмийн сүлжээгээр тархсан билээ.
Тэгвэл уг мэдээлэлтэй холбогдуулан Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар өөрийгөө Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар болсноо мэдэгдэв.
Монгол Улсад жишиг болж өөрийгөө шалгуулахаар ирлээ. Бусад хүмүүс бас ингэж шалгуулдаг, үнэнээрээ байгаасай.
Тэрбээр "Монгол Улсад жишиг болж өөрийгөө шалгуулахаар ирлээ. Бусад хүмүүс бас ингэж шалгуулдаг, үнэнээрээ байгаасай. Намайг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол хийсэн гэх хуурамч мэдээлэл гарсан. Мөн өмч хөрөнгөтэй холбоотой зүйлс аймгийн Засаг даргад хамааралгүй бөгөөд Тамгын газрын нэр дээр байсан Land 200 маркийн автомашиныг 1 сая төгрөгөөр хувьчилсан гэх мэдээллийг мөн шалгуулахыг хүсэж байна" гэлээ.