Нийгмийн даатгалын шимтгэлийн буцаан олголтын талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа мэдээлэл өглөө. Тэрбээр "Нэг сая төгрөгөөс доош цалин хөлс, орлоготой Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч өөрөө төлсөн хэсгийн 50%-ийн буцаалтыг олгох шийдвэрийг УИХ-аас гаргасан. Энэ шийдвэр тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Буцаан олголт дараа сарын 25-наас хийгдэнэ гэсэн Засгийн газрын журам болон хууль хэрэгжиж буй.
Тухайн сарын буцаан олголтыг яагаад дараа сарын 25-наас олгох болсон бэ гэхээр нэгдүгээрт тайлан тооцоонууд баталгаажиж байж иргэний мэдээлэл ирдэг. Ийм учраас тавдугаар сарын НДШ-ийн нэг сая төгрөгөөс доош цалин хөлс, орлогоос тооцсон иргэн өөрөө төлсөн шимтгэлийн 50%-ийн буцаалтыг зургаадугаар сарын 25-ны өдөр болон түүнээс хойш иргэдийн дансанд шилжүүлнэ.
Эхний ээлжид урьдчилсан байдлаар 400,000 орчим иргэн нэг сая ба түүнээс доош төгрөгийн цалин хөлс, орлоготой гэсэн тооцоо гарч байна. Эдгээрээс 80,000 нь сайн дураараа НДШ төлдөг. Үлдсэн 320,000 иргэн ААН, байгууллагад албан журмын даатгалаа төлдөг байна” хэмээв.