Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож буй. Энэ өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/, Нийслэлийн Сургалт судалгаа, олон нийттэй харилцах газар хамтран “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг зургаа дахь жилдээ зохион байгууллаа.
ЮНЕСКО-гоос сэтгүүл зүй, сэтгүүлчдийг цахим халдлагаас чөлөөлөх нь дэлхий нийтийн хамтын, хамгийн том асуудал болсныг зарласан юм. Тиймээс энэ жил тус өдрийг олон улсад “Цахим дайралтад өртсөн сэтгүүл зүй” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Техник технологи хөгжиж, хүн бүр мэдээллийг түгээх, хүлээн авах боломж бүрдсэнээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд илүү мэргэжлийн байх сорилт тулгарч буй. Мөн сүүлийн хоёр жилд цар тахлын үр дагавар хэвлэл мэдээллийн зах зээлд ч нөлөөлөн, дэлхий дахинд хэвлэл мэдээллийн орлого 50 хувиар буурч, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 70 гаруй хувь нь үйл ажиллагаагаа түр зогсоожээ. Арга хэмжээнд МСНЭ-ийн 21 аймгийн салбар зөвлөлийн дарга нар болон нийслэлийн 500 гаруй сэтгүүлч оролцлоо.