Чуулганы хуралдаан эхлэхэд бэлэн боллоо. Үндсэн хуулийн зүйл заалттай холбоотой асуудлыг өчигдрөөс хэлэлцэж эхлэхээр ирц бүрдүүлсэн. Өнөөдрийн байдлаар 61 гишүүний ирцтэй байна. Үндсэн хуулийн тухай асуудлыг хэлэлцэх зүйл заалт нь гурав хоногийн дараа хэлэлцэж эхэлж, арав хоногийн дотор хэлэлцэн батлах ёстой байдаг. Үүний дагуу ТББХ хуулийн дагуу асуудлыг хэлэлцсэн. Үргэлжлүүлэн арав хоногийн дотор буюу өнөөдөр 13:30 цаг гэхэд УИХ үүнийг хэлэлцэн баталж, шийдвэр гаргах ёстой. Тиймээс цаг хугацаанд нь асуудлыг хэлэлцэж дуусгая. Гишүүд та бүхэн ирцдээ орно уу. Зарим гишүүд чуулганы танхимд өдөр шөнөгүй л хүлээж байх шиг байна хэмээн УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа тодотголоо.
УИХ-ын126 гишүүнээс 66 гишүүн хуралдаандаа ирж 52.4 хувьтай чуулганы ирц бүрдлээ. Улмаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.
Энэ үеэр УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж "Чуулганы нэгдсэн хуралдаанд бэлтгэх ирцийг Пүрэв гаргийн 09:00 цагт эхлүүлж, өнөөдрийн 10:13 минутад ирц хүрсэн учраас хуралдааныг эхлүүлж буй нь хуулийн зөрчилгүй. УИХ-ын дэгийн тухай хуулийн 6.2-т зааснаар Нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гаригт 10.00-13.00, 14.00-18.00 цагт хуралдана.
Гишүүд өглөө 09.00 цагаас эхлэн ирцэд бүртгүүлж, хуралдаанаар асуудал хэлэлцэхэд бэлтгэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл 2025 оны 10-р сарын 16-ны өдрийн Пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанд бэлтгэх ирц 09:00 эхэлж, хэлэлцэх асуудалдаа бэлтгэсэн. Ийнхүү 2025 оны 10-р сарын 17-ны өдрийн 10:13 цагт ирц бүрдсэн учраас дэг зөрчсөн зүйл байхгүй." гэх тайлбарыг өгсөн.
Үргэлжлүүлэн Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа танилцууллаа. Үүний дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
.