Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир доорх мэдээллийг өглөө.
"Монгол Улсын Засгийн газар болон Казахстан улсын засгийн газрын хооронд байгуулсан хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцүүлэхээр шилжүүллээ. Ингэснээр гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн нийгмийн хамгааллын асуудал шийдэгдэнэ. Одоо УИХ дээр соёрхон батлах ажил үлдэж байна. Мөн багш, эмч нарын цалин болон ахмад настны тэтгэврийг нэмэх асуудлыг судлах үүргийг холбогдох яамдуудад өглөө.
Түүнчлэн улсын төсвийн төслийг өргөн барьсан байгаа. Энэ төсвөөсөө багш, эмч нарын цалинг нэмэх ямар гарц байгааг судлах ёстой.
Энэ асуудлыг УИХ эцэслэн шийдвэрлэнэ. Багш, эмч нарын цалин болон тэтгэвэр нэмэхэд нийт 830 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Ингэхийн тулд салбар яамдын үйл ажиллагааны урсгал зардлаас 10 хувиар танах аргагүй нөхцөл байдал үүснэ. Ахмад настны тэтгэврийн хувьд найман хувиар нэмэгдүүлэх асуудлыг судалж, шийдвэрлэ гэсэн. Ингэхэд нийт 490 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Нийтдээ манай салбарт 830 тэрбум орчим төгрөг шаардлагатай байна.