Монгол Улсын Засгийн газар Европын холбоо болон Европын хөрөнгө оруулалтын банкны дэмжлэгээр нэг тэрбум еврогийн санхүүжилт олгох хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах гэж буйг Сангийн яамнаас мэдээллээ. Тодруулбал X сарын 15-нд буюу өнөөдөр эхлэх "Монгол-Европын Холбооны бизнес, хөрөнгө оруулалтын форум”-ын үеэр Засгийн газар ЕХОБ-ны хөгжлийн санхүүжүүлэлтийн нэгж EIB Global-тай Монгол Улсын ногоон шилжилт, эрчим хүчний эх үүсвэрийн төрөлжүүлэлтийг эрчимжүүлэхэд 1 тэрбум еврогийн эх үүсвэрийг батлах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах аж.
Энэ хамтын ажиллагаа нь дижитал шилжилт, уур амьсгал, эрчим хүч, тээвэр, эрүүл мэнд, боловсрол зэрэг тэргүүлэх чиглэлд төвлөрч, Монгол Улсын ногоон, тогтвортой хөгжлийг дэмжих чухал алхам болохыг Эдийн засаг, хөгжлийн яам онцолсон байна.
Монгол Улс ЕХОБ-тай 2014 оноос хойш хамтран ажиллаж, нийт 144 сая еврогийн зээл, тусламжийн санхүүжилт аваад байгаа аж.