Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг өнөөдөр 14.00 цагаас ТББХ-ны хурлаар, 16.00 цагаас чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ. Түүнийг огцруулах бичигт 50 гаруй гишүүн гарын үсэг зурснаар уг бичгийг УИХ-д өргөн бариад байсан юм. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нар мэдээлэл хийж, УИХ-ын даргыг огцруулах бичигт 67 гишүүн гарын үсэг зурсан. Тодруулбал, МАН-ын 35, АН-ын 32, бусад нам эвслийн 2 гишүүн гарын үсэг зурсан хэмээн мэдээлсэн билээ.
Үүнтэй холбогдуулан АН, МАН-ын бүлгийн дарга нар уулзжээ. Улмаар Ерөнхий сайд болон УИХ-ын даргыг огцруулах хоёр бичгийг цаашид хэрхэх эсэх талаар ярилцсан байна.
Ямартай ч МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ "УИХ дахь Ардчилсан намын бүлэгтэй уулзаж цаашид хэрхэх тухай ярилаа. Өнөөдөр 14:00 цагаас хуралдах Төрийн байгуулалтын байнгын хороо хэр зэрэг сунжрахаас шалтгаалж МАН-ын бүлгийн хурлаа хэзээ хийхээ шийднэ. Засгийн газрыг огцруулах асуудал яригдаж байхад нэг сайдын томилгоо яриад яахав дээ. Шууд Засгийн газрын асуудлаа шийдэх нь зүйтэй. УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас нь хөөсөн тухай зөвлөлийн бичиг өнөөдөр өглөө ирсэн" гэлээ.