Монголын улс төрийн талбай дээрх засгийн эрхийн төлөөх өрсөлдөөн намуудын хооронд бус эрх баригч намын дотоодод, “залуу МАН” ба “дунд үе, ахмад МАН-ын эвсэл” хооронд өрнөж байна. Өрсөлдөөн шударга явж байгаа эсэхийг өргөн түмэн харж суугаа. Үнэндээ энэ намын даргын асуудал зөвхөн МАН-ын дотоод асуудал биш. Монгол төрийн асуудал. Маргашгүй үнэн бол МАН бол Монголын улс төрийн талбай дээр гол тоглогч яах аргагүй мөн. Тэр ч утгаараа энэ намын даргаар хэн гарч ирэх нь улс орны хувь заяаны асуудал байсан юм.
Намын даргаар Бага хурлаараа Д.Амарбаясгаланг гаргасан. Мань эр ч дараагийн нүүдлээ бодож суусан нь лавтай. Угаас тэр холын зайг харж, тооцоолдог стратегич гэдгийг МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан түүний туршлага, нүүдлээс харж болно.Тэр намаа хоёр сонгуульд үнэмлэхүй ялах тоглолтыг удирдсан стратегич гэдэгтэй хэн маргах билээ.
Гэвч МАН дахь үе хоорондын болон фракц, бүлэглэл хоорондын хурц зөрчил, хэрүүл тэмцэл өндрөө авчихлаа. Нүүрсний хулгайч, гэх улстөрчдийн өнө мөнхийн сэдэв болчихлоо гэж ч бас болно. Эл сэдвийн сэвээн доор Д.Амарбаясгаланг хорих уу, аль эсвэл Г.Занданшатарын засаг огцрох уу гэдэг салаа замын уулзварт шахагдчихлаа. Намын нарийн бичгийн даргын баривчилгаагаар эхэлсэн тулааны өрнөл Д.Амарбаясгалангийн намын даргад өрсөлдөхөө зарласан мэдэгдэл, Б.Энхбаярын оролцсон “Лхагвын тойм”, Д.Амарбаясгалангийн хэвлэлийн мега хурал, П.Раднаасэдийн бичил хэвлэлийн хурал, Д.Амарбаясгалангийн нүүр тулсан ярилцлага, Д.Занданшатар сайдын бүхний эрүүг мулталсан гэнэтийн мэдэгдэл гээд амьд үлдэхийн төлөөх тулаан ширүүхэн өрнөж явна.
МАН-д маш том дайн өрнөж эхэлсэн нь аль эрт тодорхой болсон ч тулааны оргил үе одоо л болж байна. Тулаанд Г.Занданшатар ялагдвал түүний улс төрийн замнал сэхээнд орж, Д.Амарбаясгалан ялагдвал нэг бус хэргээр ялын тогтоол уншуулна. Хэргийг нь хэзээний бэлэн болгоод боочихсон гэж мөрийцсөн ч болно. Одоо гагцхүү яахыг харцгаая. УИХ-ын гишүүд гарын үсэг цуглуулж, Засгийн газрыг түрүүлж өвдөг шороодуулах уу эсвэл шинэхэн ХЗДХ-ийн сайд хурдан хөдөлж Улсын Их хурлын даргаа ялтан болгох уу.
З.Урсгал




