Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад ТУРШИЛТЫН ХУГАЦААНД АДИЛ БҮТЭН ЦАЛИН олгох заалт оржээ. Ингэснээр “Туршилтын хугацаагаар” ажиллах гэрээ байгуулж, үндсэн цалингийн 60 хувиар л цалинждаг байдал өөрчлөгдөх юм. Мөн туршилтын хугацаагаа сунгах, ажилд тэнцсэнгүй гэх шалтгаанаар дараагийн туршилтын ажилтнаа авдаг увайгүй байдалд эерэг шинэчлэлт гарах нь ээ. Олон улсын хөдөлмөрийн байгууллага нь үүнийг нэг талын хөдөлмөрийн мөлжлөг гэж үздэг аж.
“64 дүгээр зүйл.Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ
64.1.Ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно.
64.2.Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно.
64.3.Туршилтаар ажиллах ажилтны үндсэн цалинг тухайн ажлын байрны үндсэн цалингаас багагүй байхаар тогтоох бөгөөд түүнд нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, олговрыг энэ хуульд заасны дагуу олгоно.
64.4.Улирлын шинжтэй ажлыг нэг удаа гүйцэтгүүлэх, ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд, эсхүл түр ажлын байранд ажиллуулах тохиолдолд ажилтантай туршилтаар ажиллуулах гэрээ байгуулахгүй.
64.5.Туршилтаар ажиллах ажилтанд хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ нэгэн адил үйлчилнэ.”