Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ. Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн өчигдөр /2025.09.15/ төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулахдаа дараах асуудлуудыг анхаарахыг онцолсон.
• Монгол Улсын 2026 төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн. Энэ нь төсвийн удирдлагын зарчим, сахилга батыг сулруулж, дунд хугацааны төсвийн төлөвлөлтийн ач холбогдлыг бууруулахад хүргэж байна.
• Төсвийн төслийг боловсруулах, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн уялдааг хангах чиг үүрэг бүхий төрийн захиргааны төв байгууллагуудын салбар хоорондын уялдаа хангалтгүй, тооцоо судалгаа, мэдээллийн эх сурвалж зөрүүтэй байгаа. Энэ нь хөгжлийн бодлогын баримт бичгийн нийцэл бүрэн хангагдахгүй, холбогдох хууль тогтоомж бүрэн хэрэгжихгүй байх эрсдэлтэй байна.
• Төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлаар хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнг хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдтэй уялдуулахгүй байгаа нь төсвийн төлөвлөлтийн үр ашгийг бууруулж байна.
• Монгол Улсын 2026 оны төсвийн орлого тасрах эрсдэл үүссэн нөхцөлд төсвийн зарлагыг санхүүжүүлэх, үүсэх эрсдэлийг бууруулах төлөвлөгөө, авч хэрэгжүүлэх арга хэмжээ төсвийн бодлогод тодорхой тусгагдаагүй байгааг онцлон анхааруулсан.