“ТАЛЫН САЛХИ” ОЛОН УЛСЫН МОТО НААДАМ ӨНӨӨДӨР БОЛЖ БАЙНА.
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Монголын чопперчин ахан дүүс” ТББ-тай хамтран зохион байгуулж буй мотоцикл сонирхогчдын “Талын салхи” олон улсын мото фестивал “Эрүүл хүн- Архигүй Монгол” уриан дор зохион байгуулагдаж байна. Уг фестивалд 21 аймгийн болон монгол туургатан улсуудын төлөөлөл 100 гаруй мотоцикл сонирхогчид оролцож буйгаараа онцлог юм байна.
Наадмын нээлтэд мотоциклийн клубууд нэгдсэн зохион байгуулалтын дор “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудлаас цуваагаар гарч Сүхбаатарын талбайд ирлээ. Мөн энэ үеэр ховор нандин мотоциклийн үзэсгэлэн, үзүүлэх тоглолт, мотоцикл болон дагалдах хэрэгслийн худалдаа, хоол үйлчилгээ, урлагийн тоглолт болов.
"Талын салхи" наадам нь мото спорт сонирхдог хүн бүрийн наадам бөгөөд 2019 онд “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүн болох ОХУ болон БНХАУ-аас 200 мото тамирчид мөн Япон, Энэтхэг улсуудын төлөөлөл оролцож байсан.Тус наадам нь тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэн Монгол Улсыг олон улсад сурталчлах, жуулчдыг татах өндөр ач холбогдолтой гэж зохион байгуулагчид үзэж байна.