Богдхан уулын Дугуй цагаан руу явах зам дахь амралтын газар сурвалжилга хийж байсан сэтгүүлч, зураглаачийн биед цагдаа нар халдаж, сэтгүүлчийн үйл ажиллагаанд саад учруулсан хэрэг өчигдөр гарлаа.
Энэ асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү “Цагдаагийн байгууллага санаачилгаараа ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Гарсан захирамжийн хүрээнд ажилласан. Тухайн үед машин тэргээрээ түрсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс байсан. Сэтгүүлч бэртсэн асуудалд ЦЕГ-ын дарга холбогдох үүргийг өгч, шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Сэтгүүлчийг авч явахдаа, сэтгүүлчид халдсан гэх ноцтой байдлыг ЦЕГ-ын дотоод хяналтын хэлтэс хянаж байна. Цагдаагийн алба хаагчдын энгэрийн камерийн бичлэг байгаа. Сэтгүүлчийн гомдолтой холбоотой асуудлыг тус дүүргийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Үнэхээр сэтгүүлчид халдсан бол, гэмтлийн зэрэг тогтоогдвол эрүүгийн хэрэг үүсгээд явна” гэв.