Монгол банкнаас 2019 онд “Монгол Улс Ази тивийн улсуудаас хамгийн түрүүн активын чанарын үнэлгээ /AQR/-г хийлгэсэн орон болов. Активын чанарын үнэлгээний болон холбогдох бусад арга хэмжээний үр дүнг үндэслэн Монголбанкнаас төлөвлөгөө гарган ажиллаж байна” хэмээн мэдэгдэж байв.
Тэгвэл IPO гаргах нь зөв, буруу гэж хэлэлцэгдэж байгаа яг энэ цаг үед ОУВС-аас IPO гаргаж болох ч активын чанарын үнэлгээ буюу AQR хийхийг зөвлөж байгаа юм. Учир нь Монголын банкууд найдваргүй, санхүүгийн тайлан нь итгэхэд бэрх гэж дүгнэсэн байхыг үгүйсгэхгүй гэж эдийн засагчид тайлбарлажээ. Тиймээс олон улсын нэр хүндтэй компаниудаар активын чанарын үнэлгээ хийлгэсний дараа хувьчлах нь асуудал биш гэж үзэж байгаа аж.
Энэ талаар эдийн засагч Д.Ангар “AQR-аас өмнө IPO гаргаж магадгүй. Иймд AQR хийлгээгүй банкны хувьцааг авахгүй байхыг зөвлөж байна. Энэ бол эрсдэл” хэмээн news.mn сайтад байр сууриа илэрхийлжээ.
Ямартаа ч ОУВС-аас банкууд IPO гаргахыг түр хойшлуулах санал гаргаад байгаа бол банкны салбарынхан хийгээд эдийн засагчид хууль эрхзүйн орчин нь бүрдсэн учраас болохгүй зүйл байхгүй гэж үзээд байгаа юм.