Гарьдхүүгийн Баярсайхан тэргүүтэй АН-ын нэр бүхий гишүүд Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийгээд хөөгдөв.
Тэд “2024 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан намын удирдлагууд ялагдсан ч Хамтарсан Засгийн газарт орсон. Сонгуулийн журмын дагуу намын тамга, тэмдгээ шилжүүлэх ёстой ч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Ер нь бол ҮБХ 2017 оноос хойш хуралдаагүй бөгөөд дүрмийн дагуу 2021 он гэхэд гишүүдийг бүгдийг нь шинэчлэх ёстой байсан ч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй. Энэ нь намын дүрмийг зөрчиж, удирдлагууд хариуцлагаас зайлсхийж буй хэрэг.
Ардчилсан нам олон жил ардчиллын үнэт зүйл, хувийн өмч, эрх чөлөөг хамгаалах зорилготой ажиллаж ирсэн. Гэвч өнөөдөр энэ үүргээ биелүүлж чадахгүйд хүрлээ. ҮБХ-ны хурлыг долоо хоногийн дотор заавал хийх ёстой. Тэгээд ч өнөөгийн удирдлагууд гадаад, дотоодын нам, хүчний нөлөө болон санхүүжилттэй хүмүүс. Тэд АН-ыг гурван жил удирдсан гэж буруутган, “Үндэсний бодлогын хорооны гишүүд өөрсдөө удирдлагаа авч, намыг шинэчлэх ёстой” “ гэлээ.
Мөн асуудлыг дүрмийн дагуу шийдвэрлэхгүй бол улс төрийн дараагийн алхам хийхээ мэдэгдлээ. Хөөгдсөний тухайд УИХ-ын чуулганы танхиимын үүдэнд УИХ-ын гишүүд л мэдэгдэл, мэдээлэл хийх эрхтэй байдаг гэх тайлбарыг төрийн тусгай хамгаалалтын ажилтан хэлсэн билээ.