МАН-ын Бага хурал завсарлалаа. Завсарлагааны дараа хуралдаж нууцаар санал хураалт явуулах юм. МАН-ын УЗ-ийн гишүүн М.Оюунчимэгийн мэдээлснээр Г.Занданшатар, Г.Тэмүүлэн гэсэн хоёр хүн дээр санал хураалт нууцаар явагдаж байна гэлээ.
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, ЕТГ-ын дарга Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр 100 хувийн саналаар дэмжсэн. Улмаар МАН-ын Бага хурлаар нэрийг оруулсан бөгөөд заалнаас С.Нэргүй, Д.Амарбаясгалgнгийн нэрийг дэвшүүлсэн ч Д.Амарбаясгалан, С.Нэргүй нар нэрээ татсан. Харин Г.Тэмүүлэн гишүүн өөрийгөө нэр дэвшүүлсэн гэх мэдээлэл бий.
Ингэснээр өдгөө Г.Занданшатар, Г.Тэмүүлэн нар өрсөлдөж байгаа бөгөөд тэд үгээ хэлжээ. Өдгөө Бага хурал завсарлаж, 15-20 минутын дараа үргэлжлүүлэн хуралдах бөгөөд нууцаар санал хурааж, нэр дэвшигчийг тодруулна. Түүнчлэн Бага хурлын гишүүдийн олонх, нууцаар санал хурааж буй учир хэнийг дэмжихээ хэлэх боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлээд байна.