Түр завсарласан МАН-ын Бага хурал одоогоор хаалттай хуралдаж байна. Эх сурвалжийн өгүүлснээр урьдчилсан байдлаар Г.Занданшатар давамгай байдлаар санал авсан гэх мэдээлэл байна.
Бага хуралд МАН-ын Удирдах зөвлөлөөс Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарын нэрийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байгааг танилцуулахад заалнаас УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг дэвшүүлж, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Бага хурлын гишүүн С.Нэргүй нар өөрсдийн нэрээ дэвшүүлсэн. Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нэрээ татаж, Ерөнхий сайдад нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Тэрбээр намын эв нэгдлийг хангаж ажиллахыг Бага хурлын гишүүдэд уриалаад, парламентын ардчиллыг улам бэхжүүлэх, улс орны эдийн засаг, гадаад орчин геополитикийн асуудалд онцгой анхаарч ажиллах шаардлага бий гэдгийг тодотгосон байна. Мөн намын нөхдөдөө хувийн жижиг эрх ашиг, амицаа дарж, нэг нэгнээ харлуулах явуургүй алхамуудаа зогсоож, улс орон ард түмний эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, монгол төрийн ажлыг саадгүй явуулах ёстой гэдгийг сануулжээ.
Харин дараа нь С.Нэргүй нэрээ татсанаар өрсөлдөөн Г.Занданшатар, Г.Тэмүүлэн нарын дунд өрнөж байгаа бөгөөд санал хураалт явагдаж байна.