МАН-ын Удирдах зөвлөлийн 32 гишүүн 100 хувийн саналаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарыг Монгол Улсын 34 дэхь Ерөнхий сайдаар нэр дэвшүүлсэн. Харин Бага хурлын заалнаас С.Нэргүй, Д.Амарбаясгалан, Г.Тэмүүлэн нарыг нэр дэвшүүлсэн бөгөөд Д.Амарбаясгалан нэрээ татсан. Тэгвэл дөнгөж сая С.Нэргүй нэрээ татснаар Бага хурал завсарлалаа. Өөрөөр хэлбэл, өрсөлдөөн Г.Занданшатар, Г.Тэмүүлэн нарын дунд явагдах нь тодорхой болж байна.
МАН-ын Бага хурлын гишүүн С.Нэргүйгийн тухайд тэрбээр хэдхэн хоногийн өмнө парламентад суудалтай бүх намуудыг оролцуулсан Их эвслийн Засгийн газар байгуулах хүсэлтийг Бага хурлаар хэлэлцүүлж өгөх хүсэлтийг намынхаа удирдлагад хүргүүлж байсан билээ.
Тэрбээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарт хүсэлт хүргүүлэх үеэрээ “VI Бага хурал дээр би хамтарсан Засгийн газрыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Надтай ижил бодолтой 120 орчим гишүүн бас байсан ч олонх маань Засгийн газраа байгуулна гэсэн шийдвэрээ гаргасан. Гэсэн ч улс орныхоо нөхцөл байдлыг харгалзаж үзээд асуудлыг дахиж авч үзээч гэж л хүсэж байгаа юм. Энэ бол Ерөнхийлөгчийн хүсэл биш, эгэл жирийн гишүүдийн хүсэл. Нам маань хуваагдалтай байгаа гэдэг нь ил болчихлоо. Тиймээс энэ үед эв нэгдлийг хангаж, бусад улс төрийн хүчнүүдтэй ойлголцож чадах хүнийг Ерөнхий сайдаар томилоосой гэж хүсэж байна” хэмээн байр сууриа илэрхийлж байсан билээ.