АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 12 улсын иргэдэд аяллын хориг тавилаа. Тодруулбал, тэрбээр Афганистан, Мьянмар, Чад, Бүгд найрамдах Конго, Экваторын Гвиней, Эритрей, Гаити, Иран, Ливи, Сомали, Судан, Йемен улсуудад хориг тавьжээ. Хориг зургадугаар сарын 9-ний даваа гарагаас хэрэгжиж эхлэх юм.
Хоригийн талаар мэдээлэхдээ, Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Абигайл Жэксон, "Ерөнхийлөгч Трамп манай улсад ирж, хор хөнөөл учруулах аюултай гадаадын этгээдүүдээс америкчуудыг хамгаална гэсэн амлалтаа биелүүлж байна. нэр дурьдагдсан 12 улс нь зохих хяналт шалгалт дутмаг, визний хугацаа хэтрэлтийн хувь өндөр, хувийн мэдээлэл болон аюул заналхийллийн мэдээллийг хуваалцдаггүй гэсэн тус тусын шалтгаанаар хоригт багтсан. Ерөнхийлөгч Трамп америкчуудын ашиг сонирхол, аюулгүй байдлын төлөө үргэлж чадах бүхнээ хийх болно" хэмээн тодотгожээ. Мөн дээрх 12 улсаас гадна Бурунди, Куб, Лаос, Сьерра Леон, Того, Туркменистан, Венесуэль гэсэн долоон улс хэсэгчилсэн хоригт багтсан байна.
Трамп ийм хоригийг анх удаа тавьж байгаа юм биш. Тэрбээр 2017 онд анхны бүрэн эрхийнхээ үеэр "Исламын хориг" гэгчийг тавьж байв. Хоригт эхлээд Иран, Ливи, Йемен, Сомали улсууд хамрагдаж байгаад сүүлд нь Хойд Солонгос, Венесуэль, Чад зэрэг улсаар өргөжсөн юм. Уг хоригийг 2018 онд Дээд шүүхээс баталсан ч 2021 онд Жо Байден ерөнхийлөгчийн суудалд очмогцоо цуцалсан. Харин Трамп "Аюултай бүс нутгаас ирсэн этгээдүүдийн үйлдсэн террорист халдлагууд ар араасаа гарсаар байна. АНУ-д олон сая хууль бус цагаач орж ирсэн нь Байдены "нээлттэй бодлого"-ын балаг хэмээн буруутгаж байсан удаатай.
Эх сурвалж: cnn.com