Гэрээсээ гараад сураггүй болсон хүүгийн цогцсыг будаа хадгалах зоориноос олжээ.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багийн Задгайд будаа хадгалдаг байсан хуучин агуулахын зооринд цогцос байна гэсэн дуудлага өчигдөр 12:20 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хоёр километр зам туулан очиход Гурил тэжээл ХХК-ийн ашигладаггүй агуулахын ес орчим метрийн гүнтэй будаа хадгалдаг зооринд тус сумын 7 дугаар хорооны харьяат иргэн Г-ийн хүү 14 настай, эрэгтэйн цогцос байжээ. Ингээд аврах ангийнхан талийгаачийн цогцсыг гаргаж, тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Сураггүй алга болсон хүү энэ сарын 02-ны өдөр гэрээсээ гарсан тухай мэдээлэл нь бүртгэгдсэн боловч 4 хоногийн дараа цогцос нь эзэнгүй агуулахаас олдлоо.
Хүүгийн үхлийн шалтгааныг тогтоохоор Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хэргийг шалгаж байна.