МАН-ын Бага хурлаас гэрээгээ зөрчсөн үндэслэлээр АН-ыг хамтарсан Засгийн газраас гаргах шийдвэр гаргасан. Харин АН-ын дарга, Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр “Ардчилсан нам гэрээгээ зөрчөөгүй. Гэрээний дагуу хамтын хариуцлага хүлээнэ” гэж мэдэгдлээ.
УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд МАН 68, Ардчилсан нам 42, ХҮН нам найман суудал, үлдсэн суудлыг Үндэсний эвсэл, Иргэний зориг ногоон нам авсан. МАН-аас Ардчилсан нам, ХҮН намд урилга илгээн Засгийн газарт хамтарч ажиллан улс орноо хөгжүүлэх бодлогод гар бие оролцох санал тавьж, улс төрийн намууд хүлээн авсан.
Хамтарсан Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд 14 мега төсөл хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байсан ч арван сарын дараа огцрох нөхцөл байдал үүслээ.
Үнэндээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүгийн тансаглалтай холбоотойгоор олон нийт орлогоо нотлохыг шаардаж, Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж эхэлсэн. Олон нийт орлогоо нотолж чадахгүй бол огцор гэдэг шаардлага тавих болсон.