Их хуралд попорсоор орж ирсэн Т.Доржханд учир мэдэхгүй залуучуудад их л зөв зүйтэй зүйл ярьдаг, шударга сайн хүн. Харин учир мэдэх хүмүүстээ үндсэн ажлаа хийж мэдэхгүй, хий дэмий хийрхлээр дүүрсэн, овжин нэгэн гэх.
Улстөрд тэр ямар үед, юугаар, яаж тоглохоо сайн мэддэг шаггүй тоглогч. Энэ удаагийн төсвийн хэмнэлтийн хажуугаар Т.Доржханд яаж зүгээр өнгөрөхөв. МАН-ын М.Оюунчимэгийн хэлсэн нүхэн жорлонгийн асуудал дээр дөрөөлж чамгүй попорч харагдана лээ.
Өнөөдрөөс бүр чуулганы танхимд бус талбай дээрээс ажлаа хийхээр болсоноо зарлаж, иргэд, олон нийтийг нэгдэхийг уриалжээ. Чухам ганцаараа зөв зүйлийг дэмжиж, бодлогын өөрчлөлт хийе гэж явсан юм байх. Мөн УИХ-ын үйл ажиллагаанд гишүүний хувиар оролцох боломжгүй гэж тодотгожээ. Товчхондоо, тэмцэгчийн байр суурьнаас л асуудалд хандах юм болов уу даа.
Бүр тодруулбал, дөрвөн хүүхдийн аав, тэмцэгч Т.Доржхандын зүгээс жагсаал зохион байгуулах аж.
Өнөөдрийн түүний хийсэн мэдээллээс үзэхэд, хороодын тоог нэмээд байгаа нь сонгуулийн төлөөх ажил гэнэ. Уг нь ард иргэд хороог хувааж, нэмэх нь төрийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай, хүртээмжтэй хүргэх ажил гэж л хараад байгаа юм л даа.
Мөн Үндсэн хуулиа зоригтойгоор өөрчлөх ёстой гэх юм. Гэтэл мэргэжлийн тодотголтой хүмүүс нь үндсэн хуулиар хамаагүй оролдож болохгүй гэдэг шүү дээ. Ямартаа ч, Т.Доржхандын сүүлийн өдрүүдэд барьж авсан “сэдэв” тогтолцооны өөрчлөлт, төсвийн хэмнэлтийн бодлогоор талбай орчмоос үргэлжлэх нь ээ.