Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Н.Учрал Франц улсад албан ёсны айлчлал хийж байна.
Түүний хувийн фэйсбүүк хуудаст өнөөдөр /2025.05.19/ өглөө "Ураны төсөл зогсож байна" гэх агуулгатай мэдээлэл нийтлэгдсэн. Тэгвэл тус мэдээллийг ташаа болохыг ЗГХЭГ-ын Ажлын албанаас мэдэгдлээ. Учир нь Н.Учрал сайдын хаяг хакердуулсан ажээ.
Тайлбарт: Ураны төслийг зогсоосон гэх агуулгатай ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагджээ. Болсон үйл явдалтай холбогдуулан Кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд цаг алдалгүй арга хэмжээ авч ажиллалаа.
Н.Учрал сайдын Франц улсад хийсэн айлчлалтай холбогдуулан дараах мэдээллийг хүргэе.
Франц улсын Парис хотноо 11 жилийн дараа хоёр улсын дипломат харилцааны 60 жилийн ойгоор Засгийн газар хоорондын комиссын хурал болсон. Энэ үеэр Ураны төсөлтэй холбогдуулан иргэний нийгмийн байгууллага, иргэдийн ирүүлсэн шаардлагыг танилцуулсан.
Францын тал Ураны төсөлд олон улсын итгэмжлэгдсэн лаборатори байгуулахыг дэмжсэн.
Цаашлаад хоёр орны дипломат харилцааны 60 жилийн ойн хүрээнд онцгой байдал, боловсрол соёл, эдийн засгийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр талууд ойлголцсон.
Тиймээс иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч та бүхнийг үнэн зөв мэдээлэлд үндэслэн хамтран ажиллахыг хүсье.