УИХ-ын гишүүн Э.Болормаа сонгуулийн үеэр хууль бус хандив авсан байж болзошгүй гэх хуулийн байгууллагад шалгагдаж буй. Тодруулбал, гадаадын хөрөнгө оруулалттай “Ханбогд эксплорэйшн” ХХК-аас 30 сая төгрөгийн хандив авсан нь Аудитын шалгалтаар ил болсон.
Тэгвэл Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 56.1.1. гадаад улс буюу гадаадын байгууллага, олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас хандив авахыг хориглосон байдаг. Тиймээс УИХ-ын гишүүн Э.Болормааг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт хэрэг нь прокурорт шилжсэн.
УИХ-ын Э.Болормаа "Намайг хуулийн байгууллагаас дуудаж мэдүүлэг, тайлбар огт аваагүй. Би юу ч мэдэхгүй" гэж хариулсан ч өөрийнхөө тооноор нь орж эзэн суухыг санаархсан Ховд аймаг руу хэргийн харьяалалаа шилжүүлсэн байна. Ингэснээр тус хэрэг дарагдах эсвэл шийдвэрлэгдэхгүй өнгөрөх боломжтой гэж горьдсон бололтой.
Мөн түүний хандив авсан “Ханбогд эксплорэйшн” ХХК нь зөвхөн Завхан аймагт төдийгүй Өмнөговь аймагт XV-018269 - 18269 кодтой 5343.36 га хайгуулийн лиценз эзэмшдэг байгаа юм.
Үүнээс харахад Монгол Улсын хэмжээнд ухаж, ашиглах боломжтой бүхий л байрлалд эзэн суух гэсэн гадаадын захиалгаар, нөлөөгөөр УИХ-ын гишүүнээр сонгогдож Үндэсний аюулгүй байдалд заналхийлж байж болзошгүй байна. Тиймээс хуулийн дагуу түүнийг эгүүлэн татах эсэхийг олон нийт ажиглаж Э.Болормаа гишүүнд холбогдох хэрэг шийдвэрлэгдэхгүй удвал эсвэл хэрэгсэхгүй болвол дараа дараагийн хуулийн байгууллагад хандана гэдгээ мэдэгдэж эхэлжээ.