“Тэрбум мод Үндэсний хөдөлгөөн”, “Ногоон Дундговь” төслийн хүрээнд орон нутгийн онцлогт тохирсон мод сөөг тарих, цөлжилтийг сааруулах, төв суурин газрыг цэцэрлэгжүүлэх, экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, жимс жимсгэнэ, төмс, хүнс нарийн ногооны аж ахуйг амжилттай хэрэгжүүлж газар тариалан, хүлэмжийн аж ахуй эрхлэгчид болон агроэкологийн тариалалт сонирхогч иргэдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилготой технологийн сургалтыг өнөөдөр аймгийн Засаг даргын Тамгын газарт зохион байгуулж байна.
Сургалтын үйл ажиллагааг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвабаатар нээж, оролцогчдод амжилт хүслээ. Тус сургалтад 15 сумын байгаль орчин, хөдөө аж ахуйн мэргэжилтэн, мод тарьдаг, газар тариалан эрхэлдэг иргэд нийт 120 хүн оролцож байгаа юм.
Энэхүү сургалтыг ЖАЙКА олон улсын байгууллагын “MONSHEP” төсөл, Байгаль орчны сургалт судалгаа мэдээллийн төв, “Хурын шим” ХХК, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны технологи инновацийн хэлтэс, аймгийн Байгаль орчны газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран зохион байгуулж байна.