Жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж, алтан мөрдэстэй генералууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Тус уламжлалын дагуу Монгол Улсад генерал цол олгож эхэлсний түүхт 81 жилийн ойн энэ өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан генералуудыг Төрийн есөн хөлт цагаан тугнаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
1944 оны дөрөвдүгээр сарын 28-нд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 52 дугаар тогтоолоор төр, цэргийн зүтгэлтэн 11 хүнд генерал хэмээх дээд цолыг анх удаа олгосон түүхтэй.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Монгол генерал Та бүхэн монголын цэрэг, арми, зэвсэгт хүчин, хууль сахиулах байгууллагын бахархал, нэр төр, сүр хүч, амьд түүх, алдар гавьяаны эзэд, бас өнөөгийн удирдан манлайлагчид мөн.
Эх орныхоо тусгаар тогтнол, энх цагийн бүтээн байгуулалтын төлөө амьдрал тэмцлийн хатуу бэрх замыг туулсан бэлтгэл болон чөлөөндөө байгаа генералуудынхаа туулсан замнал, туршлага мэдлэг, эр зориг, эх оронч зүтгэлээр бахархдаг. Та бүхэндээ гүн хүндэтгэл илэрхийлье гэлээ.