CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-02-25 • 1м унших

Ховдын лай, ховдгийн гай

Бизнесийн эрх ашгаа хамгаалахын тулд бүхэл бүтэн нам худалдаж аваад сонгуульд өрсөлдөөд гишүүн болчихсон хүн бий. Үүгээр ч барахгүй бизнесийн хийгээд улс төрийн карьер, амин  хувийн эрх ашгийнхаа төлөө өрсөлдөгч намаа худалдаж аваад өөрийнхөө намыг сонгуульд цагаан тугийг нь өргүүлсэн хүн эдүгээ давхар дээлтэй даналзаж яваа. Энэ хүн бол үүсгэн байгуулсан “Нью прогресс” группээрээ овоглон анх улс төрд хөл тавьсан С.Бямбацогт сайд. 2008 оноос хойш тасралтгүй УИХ-д сууж, тав дахь удаагаа сонгогдоод байгаа тэрээр өдгөө гурав дахь яамныхаа сайдаар ажиллаж буй.

Шуудхан хэлэхэд С.Бямбацогт УИХ-ын гишүүний суудлыг ч, сайдын сэнтийг ч мөнгөөр “үнэ цохин” худалдаж авахдаа гаршсан Монгол төрийн олигархи, даварсан түшээдийн нэг. Улс төрийг бизнес болгож, бизнесийг улс төржүүлж, дундаас нь ашиг хонжоо унагаж, төрийн албыг төрөл садан, найз нөхөд, ойр тойрныхноороо дүүргэж, яам, агентлаг, салаа салбараар нь самарч, албан тушаалын наймаа үсэргэхдээ гаргуун гэж гаршсан эр ээ.

Шунал хуримтлагдсаар бирд болдог юм гэнэ лээ. Сүүлийн үед мань эр эрх мэдэл, албан тушаалын төлөө хэтэрхий улайрсан улаан цайм, болхи үйлдэл гаргах болсны нэг жишээ нь өнгөрөгч 10-р сард болсон орон нутгийн сонгуулиар Ховд аймагт МАН-ынхаа эсрэг ажиллаж, АН-ыг ялуулсан явдал. Ямартаа л Ховдод АН биш С.Бямбацогтын нам яллаа гэж байхав дээ. Логикийн хувьд авцалдаагүй энэхүү үйлдлийн ашиг нь юундаа байсан бэ хэмээх асуулт зүй ёсоор гарч ирнэ.

 

Ховд аймагт АН ч биш, МАН ч биш С.Бямбацогтын нам ялав

2022 онд тухайн үеийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж байсан Э.Болормаа Ерөнхий сайдын захирамжаар Ховд аймгийн Засаг даргаар томилогдсон билээ. Энэ нь цаагуураа Ховдыг С.Бямбацогтын нөлөөллөөс салгаж авах гэсэн намынх нь холын бодлого байв. Ийн хэл шуугиантай Ховдын Засаг даргаар томилогдсон Э.Болормаа 2024 оны УИХ-ын сонгуулиар морьтой аравтын нэтд багтаж, сонгуульд өрсөлдөн чүү ай 10-т жагсаж, УИХ-ын гишүүн болсон. Энэ ялалт С.Бямбацогтод таалагдаагүй. Өөрөөр хэлбэл Ховд аймаг, энэ аймагт болох томилгооноос авахуулаад төсөл тендер зөвхөн С.Бямбацогтын хяналтанд байх ёстой!

Улмаар 2024 оны 10-р сард болсон орон нутгийн сонгуулиар Э.Болормааг зайлуулах гэхдээ АН-аас нэр дэвшсэн бас бус кандидатуудыг санхүү мөнгөний болон бодлогын дэмжлэг үзүүлж, үр дүнд нь Ховд аймаг 41 мандаттайгаас АН 27, МАН 14 суудал авч, цэнхэртсэн юм. Залуу Засаг дарга, шинэхэн гишүүн Э.Болормаа гараан дээрээ бүдэрсэн гэсэн үг.

Үүгээр зогсохгүй Э.Болормаа гишүүний хууль бус хандивын асуудал сөхөгдөж, хэвлэлүүдээр сэвэгдсэний ард мөнөөх л С.Бямбацогт сайд байсан гэх яриа улс төрийн хүрээнд газар аваад буй. Шалтгаан нь орон нутгийн сонгуульд “өвдөг шороодсон” Э.Болормааг бүдэрсэн дээр нь намнаж Ховдын МАН-ыг салгаж авах холын бодлыг сайн С.Бямбацогт тээжээ.

Нагац ахыгаа гаргахын тулд Ховдын МАН-ын хорооны сонгуулийг самрав

Ийн өнгөрөгч долоо хоногийн Бямба гариг буюу 2025.02.22-ны өдөр болсон Ховд аймгийн МАН-ын 41 дүгээр Бага хурал буюу намын даргыг сонгох хурлыг З.Мэндсайхан гишүүний хамт самарч, будлиантуулсан нь энэ өдрүүдийн сошиалын нэг сэдэв болж байна.  

Тодруулбал, Ховд аймгийн энэ удаагийн МАН-ын даргад М.Ганзориг, Г.Пүрэвганди, Э.Алтан-Од, Т.Жаргалсайхан, Ш.Батжаргал, Д.Авирмэд нар өрсөлдсөн. Нэр дэвшигч Маамуугийн Ганзориг нь С.Бямбацогт сайдан нагац ах, “Ховдын өргөө” ХХК-ийн захирал, Ховд аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан. Чухам энэ хүнийг МАН-ын даргаар дахин тавихын тулд намын даргын төлөөх сонгуулийн сунгаа сүр дуулиантай, бяр хүчтэй, архидалт дайллагатай болжээ.

Зээ дүүгийнхээ хүч, нөлөөгөөр Ховдын хамаг тендерийг хамдаг, орон нутаг дахь олон компанийг нь удирддаг гэгддэг түүний сонгуулийн сунгаанд дэмжлэг үзүүлэхээр хотоос Батлан хамгаалахын сайдын ажлын албаны 20 хүн “десант буулгасан”. Ингээд сонгуулийн өдөр С.Бямбацогт сайд биечлэн очсон.

 


Хуралдааны явцад хэд хэдэн будилаан үүссэнийг МАН-ын хорооноос мэдэгдээд байна. Үүнд:

  • Буянт сумын засаг дарга Д.Энхболд Буянт сумын намын гишүүн Д.Мөнхболдоор хуурамч буюу дахин хувилж, хэвлэсэн Д.Энхболд гэсэн мандатаар санал өгүүлснийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар гомдол гаргасан,
  • Аймгийн хяналтын хорооны гишүүд хяналтын тооллого хийх үйл явцыг заалнаас үймээн шуугиан тарьж хийлгээгүй,
  • Бага хурлын төлөөлөгч Т.Баатарзориг болон УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар Бага хурлыг шөнө 04 цагт болон 2025.02.23-ны 11 цагт ирц бүрэлдээгүй байхад хуралдуулж, хууль зөрчсөн зөрчлүүд гарснаас үүдэн Ховд аймгийн МАН-ын 41-р хуралдаанаас ямар нэгэн албан ёсны шийдвэр гараагүй аж.

Шадав нь авна уу, Готов нь авна уу, хамаа алга гэдэг шиг Ховдын засаг захиргааны эрхийг МАН нь авна уу, АН нь авна уу хамаагүй л дээ. Гагцхүү Сандагийн Бямбацогт гэдэг хүн Ховдыг ганцаар зайдлахыг санаархаж, шуналтаж, түүнийгээ хэрэгжүүлж, биелүүлж байгаа нь аюулын харанга юм.

Ерөөс С.Бямбацогтыг УИХ-ын гишүүн болж, улс төрд эрх мэдлээ нэмэн зузаатгах тусам Ховдын хязгаарт албан тушаалын төлөөх дайны “дарийн утаа” байнга суунаглаж, талцал хэрүүлийн “буун дуу” тасрахаа байсан гэхэд болно.

Аймгийн ИТХ-ыг атгандаа оруулах гэж ил далд хор найруулж, хагалан бутаргаж ирснийг нь түмэн мэднэ. Их хурлын сонгуулиар журмын нөхдөө “хадарч”, өөрийнхөө ялалтын төлөө эсрэг намынхантайгаа үгсэн хуйвалддаг нь ердийн мэт болсныг 2020, 2024 оны УИХ-ын сонгуулиуд бэлхэнээ харуулдаг. Ийм ч учраас МАН С.Бямбацогтын савраас баруун хязгаарыг аврах гэж тал бүрээр үзэлцэж буй нь энэ биз ээ.

Ховд аймгийн төр, захиргааны байгууллагын бүх эрх мэдэл С.Бямбацогтын хүмүүсээр дүүрэх тусам халаас хэтэвч нэгтэй төрөл садансаг бизенесийн бүлэглэл хүчээ авч, авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэг ужгирч, төрийн ажил цалгардаж, түмний амьдрал доройтсоор байна. Дагдангийн эхнэрийн таргалсан, Цэрмаагийн турсан яг тэнцэнэ гэдэг шиг өнгөрсөн 17 жилд Ховдоос төрсөн олигархи С.Бямбацогт сайд, гишүүн болж, албан тушаал, эрх мэдэл, мөнгө хөрөнгө нь нэмэгдэж, халаас нь зузаарч, харин Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлт саарч, өрсөлдөх чадвар нь буурсаар 21 аймгийг жагсаахад хойноосоо тав, зургаад бичигдэх болсныг энд сануулах нь илүүц биз ээ.

Энэ бүхэн хий хоосон хардлага биш. Баримт нотолгоотой болсон явдлууд. Заримаас нь тоймлон өгүүлье.

Дологгүй гишүүн концесс, тендерээр баяжсан түүх

С.Бямбацогтын гэгддэг “Алтай трест” компани “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэл”-ийн төслийн концессыг ХЗДХ-ийн сайд байхдаа “Барих- шилжүүлэх” нөхцөлөөр 77 тэрбум 695 сая төгрөгөөр батлуулсан байдаг. Ингэснээр “Алтай трест” компани 2019 оны улсын төсвөөс  37.2 тэрбум төгрөгийг суулган авч байв. Түүгээр ч зогсохгүй анх  77.6 тэрбумаар төсөвлөгдөж байсан “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэл”-ийн ажлыг 81.8 тэрбум болгон өсгөж, 3.6 тэрбумыг зөрүүнээс нь “цохих”-оор албажуулж байсныг нь хэвлэлүүд мэдээлсэн. С.Бямбацогт төсвийн хэлэлцүүлгийн үеэр хамгийн сайн лобби хийж, бусдыг түлхэн, өөртөө ашигтай нүүдэл хийдгийн нэг нотолгоо энэ юм.

2019, 2020 онуудад улсын төсвөөс нийт 67.7 тэрбум төгрөгийг концесс нэрээр халаасалснаар концессын мангас нэр хоч зүүсэн. Сонгуульд нэр дэвшихдээ нэг тэрбумыг зарцуулаад, сонгогдож гарсныхаа дараа түүнийгээ 67 дахин өсгөөд олж авчихдаг гэсэн үг.  Дээр нь С.Бямбацогт тойргийнхоо бүхий л тендер, худалдан авах ажиллагааг зохицуулдаг, өөртөө “хамдаг” гэдэг. Тиймээс тендерчин гэдэг гуншин түүнд бас хамаатай

 

 “Дотоожтой банкет” буюу төрийн албыг хувийн компани болгосон нь

С.Бямбацогт сайдаар ажиллах бүртээ тухайн салбарт өөрийн хүмүүсээ тараан байршуулдаг. Төрийн албыг эрээ цээргүйгээр хувийн компани шигээ өмчилдөг. Сонгуулийн сурталчилгаанд нь ажилласан нутаг нугынхан, ойр дотныхноо төрийн яам, агентлагуудад ногоон гэрлээр ажилд оруулдаг нь гэм биш зан нь, гэнэт биш хууч болжээ.

Нэгэн баримт.  2016 онд С.Бямбацогт ХЗДХ-ийн сайд болж, улмаар “Нью прогресс групп” ХХК-ийнхаа дэд захирал бөгөөд хүргэн дүү Д.Дэлгэрсайханыг ХЗДХЯ-ны харьяа Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд даргаар тавьж байв. Ингээд Д.Дэлгэрсайхан 2016-2020 онд Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд даргаар, 2020 оноос хойш Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар нийт найман жил ажилласан. Ийнхүү Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын суудалд найман жил дархлагдсан Д.Дэлгэрсайхан Улсын бүртгэлийн ерөнхий газрынхаа албан өрөөнд архидан согтуурч, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Б.Төгс-Эрдэнийг зодож, өнөөх нь ГССҮТ-д хүргэгдсэн. Улмаар Засгийн газрын хуралдаанаар Д.Дэлгэрсайханыг албан тушаалаас нь чөлөөлсөн байдаг. Д.Дэлгэрсайханы эхнэр буюу С.Бямбацогтын төрсөн дүү нь С.Тунгалагтамир нь ХНХЯ-д газрын даргаар ажилладаг.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын харьяа агентлаг болох Хил хамгаалах ерөнхий газарт өөрийн сонгуулийн сурталчилгаанд ажилласан хүмүүсээ “чихсэн”. Мэргэжлийн хяналтын газарт байцаагч байсан эмэгтэйд шууд ахмад цол зүүж, ахлах офицер болгочихсон, цэргийн байгууллагын дүрэм, журмыг мэдэхгүй, суудлын бөглөөс болж, цагийн бүртгэлд хуруу дардаг л, цалингийн хүснэгтэд нэр бөглөдөг л урт дурын хүн болсон байх жишээтэй.

Энэ мэтээр зөвхөн өөрийн мэдлийн салбар, агентлаг гэлтгүй бусад боломжтой нүх сүв бүхэнд С.Бямбацогт тавиулуудаа шургуулдаг. Өнөөдүүл нь харин эрх мэдэл, албан тушаал, сайдын татаас, дэмжлэгтээ аархаж, сагаж дарвиж, доодох хүмүүсээ дарамталж, ажлын байрандаа архидан согтуурч, согтуудаа зодоон цохион хийж, бүр байгууллагынхаа коридороор дотоожтойгоо сэлгүүцсэн нь камерын бичлэгээр ил болж дуулиан шуугиан тарьж байв. 

Төрийн өмчит “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн дарга нарын албан байгууллага дээрх “дотоожтой банкет”-ынхан бүгд С.Бямбацогт сайдын тавиулууд. “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Захиргаа, удирдлагын газрын дарга М.Гансэлэм, Санхүү, төлөвлөлтийн газрын дарга Ж.Баатарсүрэн, захиргааны хэлтсийн дарга Ц.Цогтжаргал, нягтлан бодогч Ж.Нэмэхбаяр нар бүгд Ховд аймгийн уугуулууд бөгөөд С.Бямбацогтыг Зам, тээврийн хөгжлийн сайд болсны дараа “Тавантолгой төмөр зам” ХХК-д газар, хэлтсийн даргаар томилогдож очицгоосныг нь хэвлэл мэдээллийнхэн илчилж байв.

 

Хамгийн сүүлийн баримт.  Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон С.Жавхланбаатар мөн С.Бямбацогтын тамгатай хүн бөгөөд 2018-2024 онд буюу зургаан жил “Вестерн холд” ХХК-ийн Ховд аймгийн Буянт суманд хэрэгжүүлсэн “Ховд эко цемент”-ийн үйлдвэрийн төслийн удирдагчаар ажиллаж байжээ.

“Вестерн холд” ХХК нь 2019 онд Хөгжлийн банкнаас 76 тэрбум төгрөгийн зээл авч, “Ховд эко цемент”-ийн үйлдвэрээ барьсан нь Хөгжлийн банкны дуулианаар ил болсон билээ. Энэхүү  “Вестерн холд” ХХК-ийн дийлэнх хувьцааг “Нью прогресс групп” ХХК эзэмшдэг. Харин “Нью прогресс групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч, анхны Ерөнхийлөгч нь УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт. Одоо тус компанийг нь С.Бямбацогтын хүү болон дүү нар эзэмшдэг.

Тухайлбал, “Нью прогресс групп” ХХК-ийн Ерөнхийлөгчөөр С.Бямбацогтын төрсөн дүү С.Балжинням, ТУЗ-ийн даргаар нь С.Бямбацогтын нагац ах М.Нямдаваа ажилладаг. Өөрөөр хэлбэл, С.Жавхланбаатар нь С.Бямбацогт ба түүний төрсөн дүү С.Балжиннямд зургаан жил хүчин зүтгэсэн намтартай.


Түүнчлэн С.Бямбацогт 2022-2024 онд Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллахдаа С.Жавхланбаатарыг өөрийнхөө зөвлөхөөрөө ажиллуулж байв.

 


Хөшөөтийн уурхай дахь С.Бямбацогтын ноёрхол  

С.Бямбацогт сайдын Ховд аймаг дахь эзэрхийлэл, ноёрхол үүгээр дуусахгүй. Тус аймагт орших нүүрсний асар баян нөөцтэй Хөшөөтийн уурхайг Сингапурын хөрөнгө оруулалттай “МоЭнКо” ХХК эзэмшдэг. Харин уг уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтыг С.Бямбацогтын төрсөн дүү С.Балжиннямын “Алтайн зам” ХХК нүүрсийг нь Хятад руу тээвэрлэх ажлыг С.Бямбацогтын төрсөн дүү С.Баянмөнхийн “Алтай строй” ХХК хариуцаж ирсэн.

Мөн С.Бямбацогтын хүү Б.Билгүүний “Эн Пи петролиум” ХХК нь Ховд аймгийн Дарвин, Үенч сумдад шатахуун түгээх станцтай бөгөөд Хөшөөтийн уурхайн олборлолт, тээвэрлэлтийг хийж буй автомашинуудыг шатахуунаар хангадаг. С.Бямбацогт Хөшөөтийн нүүрсний уурхайг Сингапурын хөрөнгө оруулалттай “МоЭнКо” ХХК-аас салгаж авах мөнхийн санаархалтай. Тиймээс өөрийн хүнээ Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болгосны цаана дээрх бизнесүүдийнх нь асар том эрх ашиг нуугдаж байгаа гэж хардах бүрэн үндэстэй. 

Хөгжлийн банкны зээлийг зориулалт бусаар ашигласан фактууд

Факт-1. С.Бямбацогт сайдын холбоо, хамаарал бүхий компаниудын нэг “Эй Жи Жи Эс” компани  нь Хан-Уул дүүрэг 23-р хороо, Нүхт, Арцатын задгайд Шинэ суурьшлын бүс байгуулан “Хан төгөл” хотхон барьсан. “Эй Жи Жи Эс” ХХК нь “Хан төгөл апартмент” ХХК байгуулсан бөгөөд уг компанийн эцсийн өмчлөгчөөр нь С.Бямбацогтын төрсөн дүү Сандагийн Балжинням, Сандагийн Баянчулуун нар бүртгэгдсэн байдаг.  

Факт-2. С.Бямбацогт хамаарал бүхий таван компаниараа дамжуулан 280 тэрбум 932 сая 700 мянган төгрөгийн зээл авч, мөнгө угаасан байж болзошгүй аж. Үүнд,

“Чингис” бондоос 25.4 тэрбум, Хөгжлийн банкнаас 80.1 тэрбум, ЖДҮ-ийн үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс 4 тэрбум, тендерүүдээс 63.9 тэрбум, “Алтай трест” ХХК-аар авсан концессын гэрээ 107 тэрбум төгрөг буюу нийт 280 тэрбум төгрөг угаасан байж болзошгүй гэж үзэж иргэд шүгэл үлээж, АТГ-т хандсан.

Факт-3. С.Бямбацогт нарын 34 хүнд холбогдох хэргийг АТГ тогтоож, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурор руу шилжүүлжээ. Гэвч эл хэргийг тусгаарлаж, одоо хүртэл шийдээгүй байгаа.

 

 

Улс төрөөс мөнгө босгодог ураг төрлийн схем

Ийм ч учраас түүнийг төрөөс төрсөн тэрбумтан, төр улсыг төрөл садны бизнес болгосон Монголын цөөхөөн улс төрчдийн нэг гэж нэрийдэж болохоор байгаа юм. Нэг гартаа төрийн тамга, нөгөө гартаа хувийн бизнес атгасан ийм түшээд Монголын төрд гай л болно уу гэхээс гавьяа болж байсан түүх үгүй. Өөрөөр хэлбэл, төр, засгийн өндөр албан тушаал хашиж яваагийнх нь ард дан төрөл саднаараа нийлж хувийн бизнесээ цэцэглүүлэх, мөнгө угаах, хөрөнгө босгох нарийн схем зурагдсан байдаг аж.

Зах зухаас нь дурдвал С.Бямбацогтын төрсөн дүү нар болох С.Балжинням, С.Баянчулуун, С.Баянмөнх нар түүний хамаарал бүхийн компаниудыг эзэмшдэг. Хүү Б.Билгүүн нь өсөж том болсных хамаарал бүхий компаниудынх нь хувьцааг эзэмших болж, схем өргөжсөн.

С.Бямбацогтын ах дүү нар нь хамаарал бүхий компаниудаараа аль ашиг, унацтай тендер болгонд шалгардаг. Тухайлбал, дүү С.Баянчулуун нь “Нью прогресс групп” ХХК, “Нью прогресс тур” ХХК, “Алтай трест” ХХК, “Хан төгөл апартмент” ХХК, Хан төгөл эстэйтс” ХХК, “И энд Эй инфотек” ХХК, “Бизнес девелопмент групп” ХХК гэх мэт компаниудыг эзэмшдэг. Цаашилбал, Ховд аймгийн сагсан бөмбөгийн нэгдсэн холбоо, “Алтайн барс клуб” холбоо, гэх мэт төрийн бус байгууллагуудыг тэргүүлдэг.

Дүү С.Баянмөнх нь “Жи Эн Эс” ХХК, “Жи Би Монгол транс” ХХК, “Булган мах маркет” ХХК зэрэг компанийг эзэмшдэг бол дүү С.Балжинням нь “Тод консалтинг” ХХК, “Алтайн зам” ХХК, “Их Монгол оргил” ХХК, “Эвент ин Монголия  ноён өргөө” ХХК, “Алтайн зам майнинг” ХХК, “Нью вестерн майнинг” ХХК, “Эн пи петролиум” ХХК, “Чандмань өлзий бадрах” ХХК-иудыг эзэмшдэг байх жишээтэй.    

Сайдын гэргий Ц.Ганцэцэг мэдээж гол хувьцаа эзэмшигч. Гэхдээ нууц ноёнтон. Тэрээр 2008 оны долдугаар сарын үймээнээс өмнө МАХН-ын төв байранд архины дэлгүүр ажиллуулж асар их хөлжсөн бөгөөд удалгүй барилгын салбарт бизнес эрхэлж, Нүхтийн аманд орон сууц барьж, талх шиг зарсан жаатай бүсгүй. Тиймээс С.Бямбацогтын дүү нарын компани Нүхт, Арцатын задгайд Хөгжлийн банкны зээлээр хотхон барихад Ц.Ганцэцэг хатагтайг нөлөөтэй оролцсон гэж хардах үндэслэлтэй.

 

Ийнхүү Сандагийн Бямбацогт гэгч наймаачин эр монгол төрийн гишүүн, сайдын суудалд тасралтгүй сууж, концесс, тендер, зээл бүхнийг хамж хагартлаа баяжиж, язартлаа таргалсан атлаа хүсэл, шунал нь барагддаггүй нь хяслантай. Ихийг идэх барагдашгүй шунахайн хүслэн байвч хялгасан хоолойгоор нь юу ч багтдаггүй бирдийн зовлонг санагдуулам сувдаг зангаар тэр Ховдын хязгаарт эзэн суух, улмаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, ер нь байж болох бүх эрх мэдлийн орой дээр залрах гэсэн ад дон шүгэлж явна. Ховдод ховдгийн гай амиллаа гэж олон түмэн аль эрт сануулсан билээ.

Хамгийн сүүлийн баримт. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон С.Жавхланбаатар мөн С.Бямбацогтын тамгатай хүн бөгөөд 2018-2024 онд буюу зургаан жил “Вестерн холд” ХХК-ийн Ховд аймгийн Буянт суманд хэрэгжүүлсэн “Ховд эко цемент”-ийн үйлдвэрийн төслийн удирдагчаар ажиллаж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: www.reelnews.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 0 Буруу 1 Гайхмаар 1 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (5)
  • Бямбацогтыг шалгах нь цаг хугацааны асуудал. Карма удахгүй гэдэгт найдаж байна. Их онцгүй хүн дээ • 3 сар - 202.126.91.117 Хариулах
    Зочин
  • Зочин • 3 сар - 103.57.94.227 Хариулах
    2008 онд ахыг дэмжээрэй гээд Пүрэвдорж гэдэг хүнийг дагаж гүйж бгаад нөгөөх ахаа мөргөөд л гараад ирсэн сүйхээтэй хүн дээ. Одоо бол ойлгомжтой асуудлууд зөндөө л гардаг шдээ. Даанч Ховдынхон ойлгодоггүй юм уу сайн төрлийн дүрд нь бүрэн итгэсэн л бдаг даа
  • Бузар Бямбаа • 3 сар - 66.181.177.196 Хариулах
    Энэ бузарыг дэлхий даагаад байх юмаа хаалгыг нь удахгүй тогших байх
  • Зочин • 3 сар өмнө
    Чам шиг бузрыг бас даагаад л бгаам даа энэ дэлхий
  • Idseer idseer bird.shunasaar shunasaar shulam boljee? • 3 сар - 122.201.31.89 Хариулах
    Zochin
  • Зочин • 3 сар - 66.181.177.234 Хариулах
    Угаасаа эзэн суучихсан
Шууд
“Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа
2025-06-20 • 1м унших
Шууд
Буруу, буруу бүхэн бусдынх байдаг
2025-06-20 • 1м унших
Шууд
Улаанбурхан өвчнөөр 7 хүн нас барав
2025-06-20 • 1м унших
Шууд
“The Hu” хамтлаг Увс аймагт бүрэн хэмжээний тоглолт хийнэ
2025-06-20 • 1м унших
Шууд
Нийслэл хотын баяраар Хүй 7 худаг руу нийтийн тээвэр үнэгүй зорчино
2025-06-20 • 1м унших
Гадаад мэдээ
ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилсон нь ардчиллаас ухарсан явдал
2025-06-20 • 1м унших
Гадаад мэдээ
650 км/цагийн хурдтай хөдөлгүүрээр хурдны гэлт тэрэгний замыг туршив
2025-06-19 • 1м унших
Улс төр
Засгийн газарт багтсан гурав дахь казах үндэстэн Т.Аубакир
2025-06-19 • 1м унших
Улс төр
Х.Ганчулууныг нутаг буцааж хуулийн дагуу хийх ёстой ажлыг нь хийлгэ, Б.Чойжилсүрэн сайд аа
2025-06-19 • 1м унших
Шууд
Нийслэлчүүд дээр хийх MCS-ийнхний туршилт үргэлжилсээр л байг уу?
2025-06-19 • 1м унших
Шууд
ҮЭ-ийн 200 мянган гишүүний эрх ашгийг 200 гишүүн төлөөлөх үү?
2025-06-19 • 1м унших
Шууд
Б.Жавхлан: 2.3 их наяд төгрөгийн алдагдлаас 535 тэрбум төгрөг нь хөрөнгө оруулалтаас, 1.8 тэрбум төгрөг нь урсгал зардлаас хасагдана
2025-06-19 • 1м унших
Шууд
“Дэлхийн Монголчуудын наадам”
2025-06-19 • 1м унших
Улс төр
Шинэ Засгийн газрын анхны ээлжит хуралдаан хуралдаж байна
2025-06-18 • 1м унших
Шууд
Л.Оюун-Эрдэнийн хүүгийн талаарх гомдлыг шалгах хугацааг 30 хоногоор сунгажээ
2025-06-18 • 1м унших
Шууд
Нүүрсний үнэ унасны цаад учир...
2025-06-18 • 1м унших
Улс төр
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
2025-06-18 • 1м унших
Шууд
Чацарганы тос, ингэний сүүний стандартыг олон улсын түвшинд батлуулна
2025-06-18 • 1м унших
Улс төр
Засгийн газрын хамгийн ахмад ба залуу гишүүд
2025-06-18 • 1м унших
Улс төр
ЗАЛУУС ДУНДГОВЬД ЦӨЛЖИЛТ, ГАЗРЫН ДОРОЙТОЛТОЙ ТЭМЦЭХ САЙН ТУРШЛАГА, ШИЙДЛЭЭ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-06-17 • 1м унших
Улс төр
ШУУРХАЙ: УИХ-ын чуулганы хуралдаанаар ЗГ-ын бүтцийг танилцуулна
2025-06-17 • 1м унших
Улс төр
Я.Содбаатар: Манай намаас томилогдсон сайд нарын 40 хувийг шинэчлэнэ
2025-06-17 • 1м унших
Улс төр
Эмэгтэйчүүдийн яам байгуулж, эрхийг нь М.Нарантуяа-Нара гишүүнд өгье
2025-06-17 • 1м унших
Шууд
“ТҮЦ-33” үзэсгэлэн худалдаанд тавтай морил
2025-06-17 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна
2025-06-17 • 1м унших
Шууд
Б.Ганхайч Монголын жүдо бөхийн ДАШТ-ий 33 дахь медаль, 20 дахь хүрэл медалийн эзэн боллоо
2025-06-17 • 1м унших
Улс төр
ХҮН нам болон ИЗНН-ын удирдлагууд хуралдаж ЗГ-тай хэрхэн хамтрахаа зөвшилцөнө
2025-06-17 • 1м унших
Улс төр
Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д хамтран ажиллах хүсэлт хүргүүлэв
2025-06-16 • 1м унших
Улс төр
Төрийн ажлыг гацаанаас гаргах ачааны тэнг татах сайдууд
2025-06-16 • 1м унших
Шууд
“ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХЭД ЗАЛУУСЫН ОРОЛЦОО” ҮНДЭСНИЙ ФОРУМ ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНА
2025-06-16 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
1 Жилийн өмнө • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Шууд
Баянбүрдийн уулзварт 4 машин мөргөлдөж, түгжрэл үүсчээ
2024-10-10 • 1м унших
Бүгдийг үзэх