Монгол Улсын Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх батлан хамгаалахын удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалтад оролцлоо.
Энэ удаагийн цугларалтыг “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх ба Зэвсэгт хүчний бэлэн байдал” сэдвээр зохион байгуулж байна.
Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх цугларалтад оролцогсдод хандаж үг хэлэхдээ, “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-ийг батлан хамгаалах болон гамшигтай тэмцэх тогтолцоонд тулгуурлан боловсруулж дуусгахыг үүрэг болголоо.
Энэ стратеги нь болзошгүй аюул, заналхийлэл, гамшгаас урьдчилан сэргийлэх, түүнийг хохирол багатай даван туулж, сэргээн босгох чадавх, бэлэн байдлыг хангах зорилготой юм.
Ерөнхийлөгч мөн 2025 оныг “Ахлах офицер”-ын жил болгон зарлаж, офицер бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгох, цол, албан тушаалын нэр хүндийг дээшлүүлэх, өндөр боловсрол, туршлагатай ахлах офицеруудыг аюулгүй байдал, батлан хамгаалах болон нийгмийн бусад салбарт ажиллуулахад анхаарахыг даалгалаа.