Цагдаагийн Ерөнхий Газрын мөрдөн байцаах албаны залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст иргэн С нь өөрийгөө “Төрийн орон сууцны корпорац”-д нөлөө бүхий ажилтныг таньдаг, тус корпорацаас зарласан хөнгөлөлттэй үнээр иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрт хамруулан, БЗД-ийн 26 дугаар хороо “Парк Вью” хотхонд 3 өрөө байранд оруулж өгнө гэж иргэдийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, их хэмжээний мөнгө авч, залилсан гэх хэрэг шалгагдаж байна.
С гэх иргэн нь “Төрийн орон сууцны корпорац” ТӨХХК-тай огт холбоогүй бөгөөд байгууллагын нэрийг барьж, иргэдийн итгэлийг олж, удаа дараа залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь цагдаагийн байгууллагын шалгалтаар тогтоогджээ.
Тиймээс иргэд та бүхнийг энэ мэтчилэн байгууллагын нэр ашиглан, худал амлаж буй этгээдүүдэд итгэж, мөнгө өгч хохирохоос сэрэмжлүүлж байна.