Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын хувьд тамирчин ахуйдаа “Атланта-1996”, “Сидней-2000” олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцож байжээ. Харин энэ удаа Парисын олимпод оролцох Монголын багийн ахлагчийн үүргийг гүйцэтгэнэ. Тодруулбал, Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ы гүйцэтгэх зөвлөл хуралдаж, “Парис-2024” зуны олимпод оролцох Монголын багийн ахлагчаар нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарыг томилох шийдвэр гаргасан байна. Өмнө нь ингэж Хотын дарга олимпын баг тамирчдыг ахалж байсан тохиолдол байгаагүй. Энэ удаагийн Д.Сумъяабазарын “нүүдэл” яалт ч үгүй ясны тамирчин хүнээс гарах амбиц гэлтэй. Сонирхолтой байна. Харин энэ ташрамд, Олимпын хороо "овсгоотой" маркетинг хийгээд авав уу яав. Олимпын наадмын багийн ахлагч нь тамирчдын бэлтгэл хангах ажлыг зохион байгуулж, амжилттай оролцуулан, үр дүнг МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлд танилцуулах үүрэгтэй. Тэгэхээр Олимпын хороо Хотын даргаасаа гүйцэтгэл, үр дүн нэхээд сууж байх нь дээ.