УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн Даатгалын Шимтгэлээ өөрөө хариуцсан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хуулийн төслийг эцэслэн батлав.
Ингэснээр нэг сая төгрөг болон түүнээс доош орлоготой иргэн өөрийн төлдөг 9.5 хувийн шимтгэлийн 50 хувийг тавдугаар сараас эхлэн он дуустал буцаан авахаар боллоо. Хувиараа НДШ төлөгч нарт мөн адил буцаан олголт өгнө.
Энэхүү буцаан олголт газрын тос болон уул уурхайн салбарт ажилладаг иргэдэд хамаарахгүй аж.
Мөн Засгийн газрын агентлаг, Засгийн газрын ажлын алба, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага, эмнэлэг, төрийн өмчийн оролцоотой нээлттэй компаниас бусад этгээдийг тэргүүн дэд, дэд, орлогч даргатай байхыг хориглолоо. Үүний зэрэгцээ Нийслэлийн Засаг дарга хоёр, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг Төрийн хэмнэлтийн тухай хуулиар хориглов.
Түүнчлэн Төсвийн захирагч, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 3.1.3, 3.1.4-т заасан этгээдийн гүйцэтгэх удирдлага болон холбогдох албан тушаалтан үйл ажиллагаандаа санхүүгийн сахилга бат, хэмнэлтийн горимыг мөрдөж ажиллагаагүй нь тогтоогдсон бол ажлаас халах үндэслэл болох юм байна.
“Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолоор цэцэрлэгийн хүртээмж багатай, төрийн өмчийн цэцэрлэгт нэмэлт элсэлт авах боломжгүй байршилд төрийн бус өмчийн цэцэрлэг ажиллуулж, хамран сургах тойргийн хүүхдийг элсүүлсэн тохиолдолд нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг хоёр дахин нэмэгдүүлсэн дүнгээр хүүхдийн хоолны зардлын хамт санхүүжилт олгох зэрэг шийдвэрүүдийг өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас гаргалаа.