ТУРК: Агаарын дүүжин тээвэрт гэмтэл гарч нэг хүн амиа алдаж, долоон хүн бэртжээ
2024.04.13 •
1м унших
Баасан гарагт /2024.04.12/ Туркийн Анталия хотын ойролцоо агаарын дүүжин тээврийн систем гэмтэж нэг хүн амиа алдаж, долоон хүн бэртжээ.
Тус саатлын улмаас 200 гаруй хүн агаарт гацсан байна. Гэмтэл гарах үеэр дүүжин тээврийн нэг бүхээг задарч, хадархаг газарт зорчигчид унасны улмаас бэртэж, амиа алдсан гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Уг бүхээгт зорчиж байгаад гэмтсэн таван хүнийг нисдэг тэргээр зөөж, хоёр нь дараагийн ээлжийг хүлээж үлдээд буйг Туркийн дотоод хэргийн сайд Али Ерликая Твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Нийт 110 аврагчийг ослын газарт илгээж, ойролцоох хотуудаас мэргэжлийн уулчдыг дайчилсан гэх мэдээг хотын захирагч Мухиттин Босек өчигдөр орой мэдээлжээ.