Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, ИТХ-ын дарга Д.Хосбаяр нараас гадна Э.Төгөлдөр, н.Эрдэнэбат нарын хүмүүсийг Авлигатай тэмцэх газраас 72 цагийн хугацаатай саатуулсан байна.
Энэ талаар АТГ-аас тодруулахад " Баривчилсан нь үнэн. Гэхдээ ямар хэрэгт холбоотой талаарх нарийн мэдээлэл өгөх боломжгүй байна" гэв.
Тэднийг АТГ-аас энэ сарын 8-ны өдрөөс эхлэн дуудаж, шалгаж байсан бөгөөд яллагдагчаар татах хүсэлтээ хуулийн байгууллагад өгчээ.
Эргэн сануулахад, өнгөрсөн жил Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт байрлах Монгол-Хятадын хамтарсан "Андын илч" уурхайд буутай этгээдүүд халдсан хэрэгт нэр холбогдож байсан юм. Эдгээр албан тушаалтнууд тус хэрэгт нэр холбогдох шалтгаан нь УИХ-ын гишүүн Ж.Батсуурь болдог. Учир нь Ж.Батсуурь гишүүн Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллах хугацаандаа "Андын Илч" уурхайн 49 хувийг орон нутгийн мэдэлд авч, тус уурхайг ашиглан 2020 оны сонгуулийн зардлаа Хятад улсаас авсан гэх мэдээлэл олон нийтэд цацагдаж байсан.