Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна. Өнөөдөр чуулганы ирц 43 буюу 56.6 хувьтай эхэллээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотой УИХ-ын гишүүд санал хэлж, асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Газрын багц хууль, Ашигт малтмалын хууль Засгийн газраас орж ирнэ. Байгалийн баялгаа ямар хэлбрээр ард түмэндээ хүртээх вэ гэдэг чухал байна. Байгалийн баялгийн үр өгөөжийг ард түмэн хүртэх ёстой. Ялангуяа газрын асуудлыг нухацтай авч хэлэлцмээр байна. Бүгдийг дуудлага худалдаагаар гэх нь хэр зохимжтой юм бэ. Бүгдийг нь заагламаар байна.” гэв.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Газрын тухай асуудлыг Зөвшөөрлийн тухай хуулиар шийдмээргүй байна. Харин Ашигт малтмалын лиценз олгох асуудлыг дуудлага худалдаагаар олгох нь зөв. Өргөдөл гэдэг тусгай луйврын асуудлыг цэгцэлмээр байна. Тусгай зөвшөөрөл гэдэг асуудал зөвхөн хуулиар явах ёстой. Гэтэл засгийн газрын гишүүд, яам агентлаг, төрийн өмчийн үйлдвэрийн газрууд хүртэл зөвшөөрөл олгож байгаа нь авлигыг цэцэглүүлж байна. Энэ хуулиар энэ бүхнийг цэгцэлмээр байна. АТҮТ-өөс гаргадаг “ногоон бичиг” зэргийг хуулиар тодорхой болго. Яам агентлаг төрийн өмчит байгууллагууд аливаа зөвшөөрлийг журмаар олгодог байдлыг болиулах ёстой. Нэг сайд, Төрийн нарийн бичгийн дарга, төрийн өмчит компанийн дарга, сумын засаг дарга нар дүрэм, журмаар юм зохицуулдагаа болих ёстой” хэмээв.