Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан дундын зуучлалгүйгээр мал, махыг малчдаас хэрэглэгчдэд худалдаалах үйл ажиллагааг үе шаттай, тогтмол зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд даалгалаа.
Мөн нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн үхэр, хонь, ямааны махыг 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн худалдаалах шийдвэр гарлаа.
Мөн малчдын зээлийн талаар авах арга хэмжээний саналын талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Арилжааны банкууд дахь малчдын зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр төлөх хугацааг хойшлуулах, зээлийн хүүг зургаан хувь байхаар тооцож, зөрүүг төрөөс хариуцан төлөх асуудлыг судлан Монголбанк, арилжааны банкуудтай зөвшилцөж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг даалгалаа. Арилжааны банкууд дахь малчдын зээл 1,3 их наяд төгрөг байна.