Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын даргад өргөн барьсны дагуу өнөөдөр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, шийдвэрээ танилцууллаа. Тус хорооны зүгээс гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзжээ.
Энэ талаар тус дэд хорооны дарга Н.Энхболд "Гишүүд тайлбар мэдүүлгээ өгсөн. Прокуророос нууцын зэрэглэлтэй оруулж ирсэн учраас хуралдаан хаалттай явагдаж байгаа. Гишүүдийн мэдүүлгийг энд хэлэх боломжгүй. Зөв бурууг шүүдэг газар бид биш. Шүүх тогтооно. Бид харин саналаа УИХ-д хүргүүлнэ. Мөн Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр үргэлжлүүлэн хуралдаж, санал дүгнэлтээ гаргана. Үүний дараа УИХ-аар хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргана. Мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй байна" гэв.
Түүнчлэн тэрбээр дээрх гишүүд мөрдөн шалгах ажиллагаанд саад тотгор учруулахгүй, шалгуулна гэсэн учраас ийм дүгнэлт гаргасан гэлээ.